Зүйр үгийн тухай


Аливаа ард түмэнд зүйр үг буюу ардын үг гэж байдаг. Зүйр үг нь тухайн улс үндэстэний амьдралийн хэв маягаас урган гарсан хэдий ч бүгд л “Үнэн”-ий тухай, болох болохгүйн тухай, мөн ертөнцийг танин мэдэхээс эхлээд, гэр бүл, нийгэм болон хүмүүний харилцааны тухай өгүүлсэн байдаг. Хүний нийгэм өөрчлөгдөхийн хэрээр утга нь солигдмоор үгнүүд байхын зэрэгцээ танин мэдэхүй, шинжлэх ухаан хөгжсөнөөр зарим зүйр үгийг бараг хэрэглэж болохгүй болжээ. Утга нь өөрчлөгдөх ёстой үгнүүд нь өөрчлөгдөхгүй, өөрчлөгдмөөргүй үгнүүдийн утга алдагдчихсан байх юм. Тухайлбал:

“Төрөөгүй хүүхдэд, Төмөр өлгий” гэдэг үгийг Монголчууд ямарваа нэг үйл явдал болохоос өмнө уг үйл явдлын үр дүнд зориулж ямар нэг зүйл бэлтгэхийг цээрлэж хэлдэг. Учир нь анагаах ухаан ер хөгжөөгүй урьд цагт төрхийн хүндрэлээс болж эх, хүүхдийн эндэгдэл их байсанаас болж уг зүйр үг үүсчээ. Хүүхэд эсэн мэнд төрөх магадлал маш бага байсан болохоор төрөх хүүхдэдээ юм бэлдэх нь утгагүй зүйл байх нь мэдээж шүү дээ.

“Сэжгээр өвдөж, Сүжгээр эдгэдэг” энэ үг бас л анагаах ухаан хөгжөөгүй үед үүсчээ. Утгыг нь бодоод үзвэл ханиад хүрсэн хүнээс сэжэглэвэл ханиад хүрнэ, сэжиглэхгүй бол ханиад хүрэхгүй, ханиад хүрсэн тохиолдолд эдгэх байхаа гээд сүжиглээд, залбираад байвал эдгэнэ, харин сүсэглэхгүй бол эдгэхгүй гэсэн утгатай байна. Зүй нь бол харин ч ханиад(гахайн, шувууны, ямааны гэх мэт) хүрсэн хүнээс сэжиглэж холхон байж, өөрийгөө хамгаалбал ханиад хүрэхгүй бөгөөд ханиад хүрсэн тохиолдолд биеийн эсэргүүцлээ сайжруулж уураглаг, витаминлаг, илчлэг хоол хүнс, зөв эм тариа хэрэглэвэл өвчин хурдлан эдгэх биз ээ.

“Өвчин хэлж ирдэггүй, Хийсэж ирдэг” энэ үгийг одоо үед “Өвчин хийсэж ирдэггүй, Хэлж ирдэг” гэвэл харин ч утга учиртай болох мэт. Учир нь хүн өвчлөх, өвдөх нь бусдаас халдварлах, хоол ундны зохисгүй хэрэглээ, бэртэл гэмтэл мөн ген буюу удамшлын шалтгаантай байдаг. Эдгээр шалтгаануудыг анзаарвал хүн өвчлөх, эс өвчлөх нь ерөнхийдөө тухайн хүнээс өөрөөс нь хамаарахаар байгаа болохоор өвчин хэлж ирдэг гэж хэлэх гээд байна л даа. Амьдралд хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Иймээс өвдсөн хойноо өвчин хийсэж ирдэгээ гээд сууж байх биш өвдөхгүйн тулд хичээх хэрэгтэй гэж бодож байна.

“Ноёнтой сөргөлдвөл толгойгүй, Нохойтой сөргөлдвөл хормойгүй” гэдэг үг ардчилсан нийгэмд, “Хүн бүр шүүхийн өмнө тэгш байх” зарчимтай харшлах учиртай. Урьд цагт бол энэ үг яах аргагүй үнэн үг байсан ч өнөө үед өөрчлөгдөх эсвэл энэ үг утга учиргүй болох ёстой атал одоо ч амь бөхтэй оршсоор байгаа нь одоогийн тогтолцоо, хууль дүрэм нь шаардлага хангахгүй байгааг л харуулж байна.

“Үнэнээр явбал, Үхэр тэргээр туулай гүйцнэ” энэ үг эцсийн дүндээ үнэн ялна гэсэн нэлээд гүн ухааны шинжтэй, шудрага ёсны тухай үг байх. Монголд яг одоо энэ үг шиг худлаа үг алга. Аль хамгийн их худлаа ярьж, хулгай хийсэн, их авилга авч чадсан нь л сайхан амьдарч байх шив дээ.

“Биеээ засаад гэрээ зас, Гэрээ засаад Төрөө зас” энэ үгийн утга ч одоо бол бүр алдагдсан шүү дээ. Төрийн түшээ болонгуутаа ард түмний мөнгөөр гэрээ тохижуулдаг, орон сууц авдаг, эсвэл орон сууцаар шагнуулдаг явдал бол Монголд жирийн үзэгдэл болсон. Дорнодоос сонгогдсон нэгэн гишүүн хотод орох оронгүй хүүхдийнхээ оюутаны байранд хоног төөрүүлээд хэцүү байгаа тул төсвийн мөнгөнөөр орон сууц авч өглөө гэж дуулдсан, сая л гэхэд Монголын хамгийн баян хүн ерөнхий сайд боллоо гэж гадаадын хэвлэлүүдээр бичигдэж байсан ерөнхий сайд маань 60 сая төгрөгөөр гэрийн тавилга авхуулсан тухай сонин дээр бичигдсэн байна. Ирэх оны төсөвт УИХ-ын гишүүдийн утасны сарын төлбөрт 120.000 төгрөг төлөвлөсөн гэсэн. Ядаж утасныхаа мөнгийг өөрөө төлдөг хүн төрд сонгох юмсан.

Уг нь бол манай ард түмэн “Идүүлсэн бут ургаж, Идсэн эрүү хувхайрна” гэж ярьдагсан. Гэтэл идсэн авилгачид улам баяжаад,таргалаад, ургаад л харин идүүлж байгаа ард түмэн маань улам ядуураад байх юм даа.

“Олны үг ортой” за энэ үгийг ч ёстой хэлж мэдэхгүй юм аа. Банк ухахад оролцсон учир эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч гээд прокурор санал тавина гэдэг бол ямар ч байсан “но”-той л гэсэн үг. Гэтэл тэдгээр хүмүүс нь бүр дэвшээд сайд болж байх жишээтэй. Эсвэл авилгын загалмайлсан эцэг гээд яригдах мөртөө Монгол Улсын байж болох бүхий л дээд албан тушаалуудыг ээлж дараалан хашидаг зэргээс харвал энэ үг шиг худлаа үг алга даа.

2009 оны 12 дугаар сар 24

Гавъяат ламтай, стандарт бус Монгол


Сүүлийн үеийн мэдээнүүд болон болж байгаа үйл явдлуудыг харахаар Улс орон маань юу болчих нь энэ вэ? гэж бодогдох юм. Тухайлбал:

Иргэдэд аарц, чацаргана өгнө,

Чингис хааны хойд дүрээр 270 мянган хүн тодруулна,

Нийслэлийн удирдлагууд IX богдод бараалахлаа,

Бурхан багшийн сэрэг дүр,

Төрөөс 76 тэрбумтан төрлөө гэсэн мэдээнүүд байна.

Дэлхий даяар тархсан гахайн ханиадны эсрэг Монгол Улс аарц, чацаргана, адууны махаар тэмцэж ертөнцийн булай болж байх шив дээ. Энэ тухай Ройтерс агентлагийн мэдээгээр гарсан болохоор ертөнцийн булай боллоо гэж хэлж байгаа хэрэг. Өөр ямар ч сувгаар яригдсан юм билээ бүү мэд. Монголд гадаадын олон ТВ, мэдээний агентлагуудын төлөөлөгч нар суудаг биз. Одоо болтол вакцин байдаггүй ээ, өндөржүүлсэн бэлэн байдлаа сунгаад л байдаг, гахайн ханиадаар өвчлөгсөд ба нас барагсадын тоо өсөөд л байдаг. Ханиад гараад сар хагас боллоо одоо ч вакцины хэрэггүй болоо байлгүй дээ, тусдаг нь тусаад дархлаа тогтдог нь хэдийн тогтчихсон биз. Монголд маань гахайн ханиад гарсанд баярлаж байна, бүр гарахгүй нь гэж санаа зовж байлаа гээд, инээд алдаад л ярилцлага өгөөд байсан сайдууд маань сүүлийн үед бүр таг болчихлоо. Энэ ханиадыг далимдуулж шийдвэр гаргагчид харин мөнгө хийж авч байх шиг байна даа. Аарц, чацаргана, маск үнэгүй тараах, теле хичээл явуулж байна гэж, бүр арга нь нарийсаад ТВ үзэж амжаагүй хүүхдүүдэд зориулж DVD гаргаж тараах гэх мэтээр...гэртээ DVD тоглуулагчгүй, компьютэргүй бүр цаашлаад цахилгаанд холбогдоогүй айл өрхүүдийн хүүхдүүд яах болж байна аа. Удахгүй айл бүрийг DVD тоглуулагчаар хангах төсөл хэрэгжиж магадгүй л юм. Тэгвэл ТВ гээр хичээлээ заагаад, үзэж амжаагүйд нь DVD хийгээд өгч болж байгаа юм чинь нэг мөсөн Ерөнхий боловсролын сургуулиудаа хаагаад ТВгээр хичээлээ хийдэг болчихвол төсөв хэмнэгдээд хаа хаанаа амар юм биш үү.

25 орны хэл мэддэг гэх нөхөр сүүлийн үед янз бүрийн орны хэл заах нь явцгүй болсон юм болов уу даа бөөгөөр дагнах болсон байх юм. Чингис хааны 270 мянган хойд дүр тодруулна гэжээ. Ганц энэ ч биш Монголд сүүлийн үед бөө нарын тоо лам нарын тооноос давж байх шиг байна. Ямар нэг бөөтэй уулзлаа л бол өө чиний тэд дэх удамд тийм бөө байсан юм байна, тэр сүнс нь чамайг сонгож, одоо чи бөө болж тэр бөөгийнхөө сүнсийг хүлээж авахгүй бол болохгүй гэх болж. Үүний гол учир нь бөө бологчоос хувцас хунар, хэрэглэл ба сүнсийг нь авчирч өгсөний үйлчилгээний хөлс гээд нэлээд хэдэн тэгийн тоотой мөнгөнд л байх шиг байна даа.

Саяхан Нийслэлийн удирдлагууд IX богдод бараалхаж улс орноо, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг даатгалаа гэсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Бурхан багшийн сэрэг дүрийг чулуугаар хийлгүүлжээ. Төсвийн мөнгөөр хөшөө хийдэг нь ямар учиртай юм болоо. Уг нь Монголд Бурхан багшийн дүр цөөдөөгүй л байлтай. Ганданд Жанрайсэг, Зайсанд сайд асан Барсболдын босгосон бас нэг, за тэгээд шарын шашин шүтдэг айл бүрд зурмал бурхан багшийн дүр байдаг байлгүй дээ. Үүний анхны шанг экс ерөнхийлөгч маань Соёлын сайд байхдаа Бурхан багшийн чандар гэгчийг авчирч ард олноо тэрхүү шарилдаа мөргүүлсэнээр эхэлсэн байх. Түүнээс хойш хаа сайгүй л суврага босгох хөдөлгөөн өрнөсөн бөгөөд одоо суврага босгох нь нэр хүндгүй болсон юм болов уу даа. Уг нь Үндсэн хуулийн 9-р зүйлийн Нэгд: “Төр нь шашинаа хүндэтгэж, Шашин нь төрөө дээдлэнэ”, Хоёрд: “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гээд шашин төр хоёрын заагийг, уншиж чаддаг хүнд бол ойлгогдохоор бичиж өгчээ. Төр нь шашинаа хүндэтгэнэ гэдэг нь төрийн хүмүүс нь очиж мөргөөд эсвэл янз бүрийн хөшөө, суврага босгож, тахилга хий гэсэн үг биш харин төр нь шашинаа ад үзэхгүй гэсэн санаа гэж ойлгомоор юм. Гэтэл төрийн байгууллага болон төрийн түшээд төсвийн мөнгөөр бурханы хөшөө хийчихсэн байдаг. Бүр “Гавъяат лам” хүртэл бий болсон болохоор энэ жирийн үзэгдэл юм болов уу.

Ирэх оны улсын төсвийг батлахдаа гишүүд өөрсдөдөө 1 тэрбум төгрөг хувиарлажээ. Анх 10 саяас эхэлж байсан мөнгө одоо 1 тэрбум боллоо, бараг 1 сая доллар. Нийт дүнгээрээ 70 орчим сая доллар. 1998 онд Монгол Улсын төсөв 198 сая доллар байсантай харьцуулхад л ямар их мөнгө гэдэг нь илт байх. 2011, 2012 онуудад энэ мөнгө хэд болохыг ёстой таашгүй. Энэ мөнгөөр хэдэн айлын орон сууц барих бол, мөн хэдэн жижиг дунд үйлдвэр байгуулж хичнээн хүнийг цалинтай болгож болох вэ? Орон нутагт, тойрогтоо юм хийх гээд байгаа юм бол орон нутгийн төсөвт нь нэмээд суулгахад болох биш үү, заавал гишүүнээр дамжиж байж л юм хийсэн болдог юм байх даа. Энэ мөнгөний нэгээхэн хэсэг нь дээрх бурхан багшийн сэрэг дүр болж хувирч байна. Эмнэлэг бариад, зам засаад, гүүр тавиад, засвар хийгээд, худаг гаргаад, клубт нь хөгжим авч өгөөд л тухайн орон нутгийн хийх ажлыг хийгээд байгаа болохоор ер нь 76 тойргоо тус тусад нь улс болгон хувааж улсаа “Монголын Холбооны Улс” гэж нэрлээд УИХ-ын гишүүд нь тухайн сонгогдсон тойрог улсынхаа төсвийг захиран зарцуулдаг болчихвол зүгээр юм биш үү.

Монгол маань үнэхээр “стандарт бус” болжээ. Арга ч үгүй биз сонгуульд ялчихаад ялагдсантайгаа нийлээд Засгийн газар байгуулсаныгаа стандарт бус шийдвэр гэж нэрлэнэ. Огцрох нь хүртэл стандарт бус. Уг нь тухайн албан тушаалаа хашихаа болихыг л огцорсон гэдэг баймаар юм. Гэтэл Ерөнхий сайд(асан) нь өвчний улмаас огцорсоныгоо би огцроогүй, зүгээр өөрөө больсон юм гэж ярина.

Ядаж байхад энэ төрийн хүмүүс нь шашинтай очиж орооцолдохоо болимоор юм. Шинийн нэгний өглөө Төрийн өндөрлөг гэж нэрлүүлэгсэд нь ганданд очиж мөргөдөг болохоор шашин төр хоёр мөддөө салахгүй шинжтэй. Монголчууд XX зууны эхэн гэхэд шашин төр хоёр нь нэг болсон байхдаа ертөнцийн адагт байсаныг одоогийн хүмүүс үзээгүй, хараагүй юм гэхэд зэрэгцээд оршиж байгаа Төвдөөс сургамж авдаггүй юм байхдаа.

2009 оны 11 дүгээр сар 30

Нутгийн сонин


Монголдоо очиж сар гаран болоод ирлээ. Нутгийн сонин МИАТ-ын билет захиалахаас эхэллээ. Нэгэнт мөнгө төлж байгаа болохоор үндэсний компаниа дэмжье гээд МИАТ-аас билет асуулаа. Ирж очих билет 1350 доллар гэж байна. Арай үнэтэй санагдаад бусад авиа компаниудын билетийг сонирхсонд Айр Чайна 1200, Кореан Айр 1000 доллар гэж байх юм. Харин Японы авиа компаниуд Монгол уруу нислэг хийдэггүй юм байна. Аа бас жуулчны компани МИАТ-ын тийз бичдэг юм байна. Тэр нь 1150 доллар гэнэ. МИАТ-ын онгоцны билетийг бичиж байж МИАТ-аас хямд бичдэг сонирхолтой үзэгдэлтэй учирлаа. Эцэст нь Монголоос билет авхуулаад МИАТаар нислээ. МИАТ-ын онгоцонд суухад л онгоцны үйлчлэгч нарын хүйтэн хөндий царайнуудтай учирлаа. Ядаж инээмсэглэж болдоггүй юм байхдаа гэсэн сэтгэгдэл төрхийн сацуу онгоц хөөрлөө, хоол ирлээ, загас тахиа 2 байсан тахиа нь дуусчихлаа загас авах уу гэж байна, өглөө эрт гарсан болохоор ямар идэхгүй гэлтэй биш за гээд л авлаа. За тэгээд Чингис хаан онгоцны буудалд онгоц газардаад гааль дээр шалгууллаа, өнөөх л хүйтэн хөндий царай, мөн дугаарлан зогсож буй Монголчуудын маань хэрүүл угтлаа. Ойрд ийм хэрүүл сонсоогүй болохоор сонин содон сонсогдож байлаа. МИАТ-ын хувьчлалыг түргэлээсэй билээ.

Улаанбаатар маань хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хэдэн өндөр байшингууд баригдсаныг эс тооцвол нэг их өөрчлөгдөөгүй харин машин ихссэн нь илт мэдрэгдэж байна лээ. Миний таньдаг хүмүүсийн дийлэнх нь, машинтай байсангууд нь жийптэй, машингүй байсангууд нь машинтай болчихож. Энэ нь банкууд авомашин худалдаж авахад нэлээд боломжийн нөхцөлтэй лизинг олгосон нь илт нөлөөлжээ. Банк гэснээс хүмүүс 2 намын амлалтаас болж мөнгөө авахаараа төлчинхө гээд бакнаас зээл авсан байна гэж өмнө нь уншсан боловч итгэхгүй байсан юм. Тийм юм гэж юу байдагын гэж бодоод. Гэтэл миний ойр дотны хүн 1.500.000 аа авахаар төлнө гээд ХААН банкнаас сарын 3%-ын хүүтэй мөнгө зээлчихсэн өнөөх нь хүү нь өсөөд 2.000.000 болчихсон байхыг үзэж байж итгэлээ. Нэг найзын маань яриагаар ноднин наадмын урд өдөр Да хүрээ зах дээр огт хөдөлдөггүй, асдаггүй 9 ширхэг машин үлдээд бусад нь бүгд зарагдсан гэнэ. Ид зам засварын үер очсон болохоор бөглөрөл хаа сайгүй л байна лээ, гэхдээ нэг үеэ бодвол жолооч нарын соёл бага ч гэсэн дээшилжээ, учиргүй дайраад бөглөө үүсгээд байдаг байсан нь багассан байна. Өөрөө машин бариад явсан чинь явган хүн болон бусад машинуудад зам тавьж өгөөд л нэлээд соёлжсон болтой. Гэтэл яг зам тавьж өгөөд зогсохоор нөгөө урдуур гүйх гээд байсан хүн маань зогсчих юм, яв яв гэхээр явахгүй, хөөе яваачээ гэхээр зарим явган зорчигчид уурлах шинжтэй, чи өөрөө явахгүй юу гэж ч байх шиг бас араас ирсэн машин сигналдаад байх юм аа. Бөглөрөл хэдийгээр их байсан ч гэсэн цагаа зөв тооцоолоод явбал жаахан удаан л болохоос Улаанбаатарт яваад байж болохоор байна лээ. Одоо автомашины нягтрал ихтэй Баруун, Зүүн 4 зам, Гэсэр сүмийн уулзвар Цэцэг төв, Төв шуудангийн уулзвар, 100 айл, Нарантуулын уулзвар гэх мэт газруудад гүүрэн юм уу, нүхэн гарц бариад уулзарын нэвтрэх чадварыг сайжруулчихвал болчих юм шигээ. Гэрлэн дохио их цөөхөн байгаа нь бөглөрөл үүсгэж байгаа нэг шалтгаан юм болов уу. Учир нь гэрлэн дохиог олшируулбал машинууд зам дээрээ жигд тархаад бөглөрөл тодорхой хэмжээгээр саарах ба зам тээврийн осол гарах нь багасана шүү дээ.

Мөн хоёр ч дүүргийн Халамжийн төв, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн төвөөр очиж үйлчлүүллээ. Энд нэг анзаарагдсан юм нь хуучин байгууллагын жижүүр гэж байсныгаа “Угтах үйлчилгээ” гээд нэрлэчихсэн юм болов уу даа. Уг нь энэ “Угтах үйлчилгээ” гэдэг нь тухайн байгууллагуудаар үйлчлүүлэх гэж байгаа хүнд туслах, шаардлагатай бичиг баримтуудыг нь үзээд дутуу, буруу зүйлүүдийг нь тодруулж өгөх үүрэгтэй баймаар. Гэтэл ингэж үйлчилж байгаа юм алгаа. Тийм хүн тэр өрөөнд суудаг, тэр асуудлыг тэд дүгээр өрөөнд сууж байгаа хүн шийддэг гэхээс хэтрэхгүй байгаа нь өнөө хуучины байгууллагын жижүүрээс ялгаа юун. Эдгээр газрууд маш их оочертой. 1-2 цаг оочерлож байж арайхийж нөгөө хүн дээр нь очихоор өө энэ нь буруу, тийм бичиг баримт нь дутуу гээд л буцаачих юм. Үйлчлүүлэгчдийг ийм байдалд оруулахгүй хүмүүсийн цагийг хэмнэх нь л дээрх “Угтах үйлчилгээ”-ний зорилго баймаар юм гэж бодогдож байлаа. За тэгээд өнөө төрийн түшмэлүүд маань цайндаа эрт орж, ажилдаа оройтох, компьютер дээр хөзөр тоглох, гар утсаараа ярих(ажил биш хувийн яриа), танил тал, хамт ажиллагсадынхаа асуудлыг хурдан шийдэж өгөх, дээр нь дээрэнгүй, бүдүүлэг, соёлгүй харьцаа бол бүр ердийн байх ёстой үзэгдэл, норм, хэвшил болчихжээ.

Хотын маань гудамж талбай ямарч цэцэрлэгжүүлэлт, усалгаа байхгүй болохоор шороо тоос ихтэй, гудамжаар яваа хүмүүс яарсан шинжгүй, хэлхэлдээд л, налгар алхаад л нэг талаасаа жаргалтай ч юм шиг боловч ажилгүйдэл маш их байгаа нь тэр байх. Өргөн хэрэглээний барааны үнэ 3 дахин өссөн, зарим барааны үнэ хэвээрээ ч, зарим нэг худалдааны төвүүдийн бараа хэтэрхий үнэтэй байгаа нь нийгмийн баялаг шудрага бус хувиарлагдсаныг илтгэх мэт. Өөрөөр хэлвэл тэр хэт үнэтэй барааг авдаг хүмүүс байгаа, мөн монголчуудын нэрэлхүү зан уг худалдааны төвүүдийн учир шалтгаан биз.

Уулзсан залуучуудын ихэнх нь ямар нэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн байх юм. Ер нь нийтээрээ төр засгийн одоогийн энэ байдал болохоо байчихсан, ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүсэж байх шиг. Харин өөрчлөх, шинчлэх дээрээ л гацаад байгаа бололтой.


Ер нь Монголд маань Атрын 3-р аян гэдэг шиг “Соёлын довтолгоон 2”-ыг хийх шаардлагатай болсон ч юм шиг.

2009 оны 11 дүгээр сар 1