Showing posts with label Эдийн засаг. Show all posts
Showing posts with label Эдийн засаг. Show all posts

Хямралын талаарх бодол


Америкаас эхлэлтэй дэлхийн санхүүгийн хямрал хэзээ дуусах бол. Энэ талаарх өөрийн бодлоо хуваалцая гэж шийдлээ. Дашрамд хэлэхэд энэ зөвхөн миний хувийн бодол бөгөөд миний эдийн засгийн боловсрол бол их сургуульд үзсэн эдийн засгийн онолын хичээлээс нэг их халихгүй нь үнэн юм. Тийм болохоор мэдээж үнэн байх албагүй гэдгийг ойлгоно буйзаа. Урьд өмнөх дэлхийн болоод бүс нутгийн хямралуудын талаар төдийлөн мэдэхгүй байгаа нь тухайн үед миний бие төрөөгүй бас өөрийн биеээр мэдрээгүй болохоор тэр биз.

Америкийн санхүүгийн компанийн дампуурлаас эхэлсэн энэ хямралд олон хүчин зүйл нөлөөлсөн нь ойлгомжтой. Тухайлбал: Европ нэгдсэн мөнгөн тэмдэгтэй болсон, булангийн орнууд америк доллараар нефьтээ зарахаа болихоор шийдсэн, хятадын эдийн засгийн өсөлт, мөн баялаг үйлдвэрлэдэггүй шоу бизнесийн салбар өндөр хөгжсөн(энд кино урлаг, мэргэжлийн болон сонирхогчийн спорт гэх мэт..Холливудын нэг л найруулагч ганц кино хийгээ л ердөө хэдхэн 7 хоногын дотор Монгол Улсын 1 жилийн төсвийн мөнгийг олох жишээний...), хөрөнгийн бирж, лизинг буюу удаан хугацааны зээл, улс орнуудын валютын ханшийн зөрөө, цаасан мөнгө гэх мэт олон шалтгаанууд байгаагын хамгийн гол нь ҮЙЛВЭРЛЭЛ болон ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА гэж би бодож байна.

Хэдийгээр ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА нь эдийн засгийн АМИН СҮНС нь мэт боловч хямралыг зайлшгүй дагуулж байгаа юм. Дэлхий дээрх 200 гаруй улсын маш цөөхөн 10 орчим хувь буюу 20 гаран улс нь бидний одоогийн ойлголтоор БАЯН, ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ байна.

Дэлхийг бүхэлд нь биш нэг улсын хувьд үйлдвэрлэлийг нь тоймлоод аваад үзье.

1. Нэг улсын бүх үйлдвэрүүдийг нэгтгээд 1 үйлдвэртэй гэе.
2. Үйлдвэрт нь тухайн улсын ажиллах насны бүх хүн ажилладаг гэе. .(Энэ бол байж болох хамгийн дээд хувилбар. Бодит байдал дээр ажилгүйчүүд буюу мөнгөгүй хүмүүс их олон байгаа.)
3. Бүх ажиллагсад хангалттай, амьдралдаа хүрэхүйц цалин авдаг гэе

Ингэж бодож үзвэл ҮЙЛДВЭР нь ашигтай ажиллахын тулд үйлдвэрлэсэн бараагаа ажилчдад өгсөн цалингаасаа өндөр үнээр зарах нь мэдээж хэрэг. Дээрхээс бодвол үйлдвэрлэсэн бүх барааны үнэд бүх хүмүүсийн цалингийн нийлбэр хүрэлцэхгүй байна. Мөн үйлдвэр нь өөрөө бүх бараагаа зарах боломжгүй учир худалдаачид(хар ярианд дамчид, панзчид гэж бас ярьдаг) өөрсдийн ашгийг бараан дээр нэмж зарна.Энд банкны хадгаламжийг тооцсонгүй, хадгаламжийг тооцвол үйлдвэрлэсэн барааны зарагдалт улам л багасана. Энэ тохиолдолд өөрөөр хэлбэл ажиллагсадын нийт цалингаас илүү гарсан барааг яах вэ? Нэг бол засгийн газар бонд гаргаж(Японд илүү гарсан зарагдахгүй байгаа будааг засгийн газар нь худалдаж авдаг гэж сонссон) өөрөө худалдаж авах, нөгөө бол бондын мөнгөө хүмүүст тарааж, тэр мөнгөөр нь хүмүүс худалдаж авна эсвэл бусад улсуудад зарна. Улс орнуудын Засгийн газар Төв банкиндаа ихээхэн өртэй байдаг нь үүнтэй холбоотой болов уу гэж бодож байна.

Бусад улсуудад илүү гарсан бараагаа зарчихвал тухайн барааг авсан улсын үйлдвэрлэлийнх нь хэмжээ буурна, үйлдвэрлэлийн хэмжээ нь буурахаар ажиллагсадын тоо буурна, улмаар ажилгүйчүүдийн тоо ихсэж ядуурал ихсэхийн зэрэгцээ хүн амын өсөлт улам нэмэгдэж байгааг бас санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвараас давсан бараагаа бусад улсад зарж чадсан улсууд нь баян, хөгжилтэй, хүн амынх нь амьдрал хангалуун байна. Ийм болохоор цөөхөн хэдэн улс нь баяжаад бусад улсууд нь ядуу байсаар байна.

Мөн өндөр хөгжилтэй орнуудын барааны үнэ өндөр байгаа нь ядуу орнуудыг улам туйлдуулж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл нэг Америк талхаар Монголоос хоёр талх авах жишээтэй. Үүний томоохон нэг жишээ бол автомашин үйлвэрлэл юм. Өндөр хөгжилтэй орнууд машин үйлдвэрлэлээр тэргүүлж нэг машинаар бусад ядуу орнуудын ихээхэн баялагыг сольж авч байна гэсэн үг. Одоо бол хэнд юу байна түүнийгээ бусад улсуудад зарж байгаа нь л хөгжилтэй хэмээгдэж байна. Автомашин, нисэх онгоц, нефьт, байгалийн хий, зэвсэг, шинэ технологи гэх мэт...

Манай Монгол Улс л гэхэд ганц Боинг түрээслээд түүнийхээ мөнгийг төлөх гэж өндөр үнэтэй билетээр ядуу ардынхаа халаасыг суйлж байна шүү дээ. Гэтэл Хятад улс өндөр үнэтэйгээр биш харин ч эсрэгээрээ хэт хямд үнэтэйгээр бараагаа зарж байгаа нь энэ хямралын бас нэгэн шалтгаан мөн. Бусад улсуудын ижил төстэй үйлдвэрүүд дампуурч ажилгүйчүүдийн тоо ихсэх нь дамжиггүй. Тийм ч болохоор Америк Хятадыг юаны ханшаа зориуд доор барьж байна гэж шүүмжилж байгаа биз. Ингээд бодоод үзвэл ҮЙЛДВЭРЛЭЛ байгаа цагт ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА мөн оршин байна, тиймээс хямрал болох нь гарцаагүй болж байна. Учир нь ажиллагсадын нийт цалингийн хэмжээ үйлдвэрлэсэн барааны үнийн дүнд хэзээ ч хүрэхгүй болохоор тэр.

Хямралаас гарах боломж бий юу? За да бараг л байхгүй гэж бодож байна. Нэг боломж бий тэр нь дэлхий харь гаригтай ашигтай худалдаа хийвэл харин хямралаас гарч магадгүй юм.


Одоо дэлхийн топ 20 орны удирдагчид хямралаас хэрхэн гарах талаар ярилцаж байгаа боловч энэ нь явцгүй л болов уу гэж бодож байна. Учир нь 20 улс хямралаас гарлаа гэхэд бусад улсууд бүр их ядуурна, түүнчлэн тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах чадвар улам багасах болохоор нэг удаа хямралаас гарлаа ч тун удахгүй дахин бүр хүчтэй хямрал болно гэж бодож байна. Дэлхий даяршиж орчин үеийн хүмүүсийн ухамсар дээшилж байгаа энэ үед хямралыг шийдэх буюу багасгах арга миний бодлоор:

· Дэлхий нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох.
· Ханшийн зөрүүгүй болох(өөрөөр хэлбэл америк, хятад, орос, монголд үйлдвэрлэсэн талх ижил үнэтэй байх).
· Дэлхий нийтээрээ нэгдсэн төсөвтэй болох
· Бүтээгдэхүүнийг ашгийн төлөө бус яг хэрэгцээтэй тоотой үйлдвэрлэх
· Шинэ технологийг нийтээрээ эзэмших
· Хүн төрөлхтөн хэрэгцээгээ хязгаарлах
· Улс хоорондын чөлөөт худалдааг хязгаарлах
· Улс бүр боломжит бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэх гэх мэт...

Ингэсэн тохиолдолд л дахин хямрахгүй байж магадгүй гэж бодож байна. Хэрвээ эдгээр санаа шийдэх боломжгүй, мөн ийм болох цаг нь болоогүй бол хямрал үргэлжлээд л баян ба ядуу орнууд ялгаа улам ихсэх болов уу.

2010 оны 4 дүгээр сар 15

Монгол Улс хэрхэн яаж баяжих вэ?


Хэрэглээнээсээ орлого нь давж байж л хуримтлал үүсэж баян болох нь тодорхой. Монголын хувьд Гадаад худалдааны бланс ашигтай гарах буюу гадагшаа урсаж байгаа валютаас Монгол уруу орж байгаа валютын хэмжээ их болох үгүй ядаж л адил болсон тэр цагт л Монгол Улс баян болно. Тэгвэл Монголчууд бид гаднаас, бусад улсуудаас хэрхэн яаж, ямар арга замаар мөнгө салгаж авах вэ? Энд мэдээж олон төрлийн арга байж болох ч өөрийн ойлгоцын хүрээн дэх боломжуудыг дурьдая.

1. Төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох
2. Бараа бүтээгдэхүүн экспортлох
3. Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх
4. Шинэ технологи бүтээх
5. Аялал жуулчлалаас мөнгө олох
6. Гадаадад ажиллах хүч гаргах
7. Үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаад улсуудад хүлээн зөвшөөрүүлэх.

Эдгээр боломжуудыг авч үзвэл сүүлийн санаа бол одоогоор, мөн ирээдүйд ч боломжгүй санаа байх л даа. Гэхдээ Нэгдсэн улс болон Европын холбоо, Англи, Япон, Хятад зэрэг улсууд Монголоос цаасан мөнгөөр л хамаг баялагыг маань худалдаж авч байна шүү дээ.

Гадаадад ажиллах хүч гаргах: Энэ бол яг одоо ихэнх Монголчуудын амьдралаа залгуулж, Монголын валютын ханшид нөлөөлж, Улс төрчдийн уйвайгүй бодлогыг бага болов ч хаацайлж байгаа хүчин зүйл юм. Гадаадад ажиллаж байгаа Монголчуудаас энэ хийж байгаа ажлаа Монголдоо очоод ижил цалин аваад хийх үү гэж асуувал мэргэжлээрээ ажиллаж байгаа цөөн хэдэн хүнээс бусад нь юу гэж хариулах бол? Тиймээс гадаадад ажиллах хүч гаргах бол тийм ч явцтай сайн биш арга гэж бодож байна. Аа харин тэр УИХ-ын гишүүн З.Энхболд гуайн сонгууль болохоор л ярьдаг аутсорсинг (бил үү) бол харин боломжтой зүйл санагддаг юм. Харин Энхболд гуай УИХ-д сонгогдчихоороо ярихаа байчихдаг нь жаахан тоогүй хэрэг л дээ. Ялангуяа Ай Ти буюу программчлал бол Монголын талаасаа ч бусад улсуудын компаниудын талаасаа ч хамгийн боломжтой салбар л даа. Программыг Монголд бичих бүр цаашилбал өөрийн гэртээ бичих Гадаад улсад очиж бичих бол чанарын ямар ч ялгаагүй болохоор энэ салбарыг төрийн бодлогын хүрээнд дэмжиж ажиллавал ихээхэн ашигтай санагдаж байна. Мөн гадаадад мэргэжлээрээ ажиллах хараар буюу хууль бусаар ажиллаж амьдрахын ялгааг гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж, мэдэрч байгаа байх. Үүний тулд Боловсорлын салбараа шинэчилж их дээд сургуулиудынхаа дипломыг гадаадад хүлээн зөвшөөрдөг болгох нь чухал шүү дээ.

Аялал жуулчлалаас мөнгө олох: Эндээс мөнгө босгох нь нэлээд боломжтой гэдэг нь зарим нэг гадаад улсуудын ДНБ-нийхээ дийлэнх хэсгийг олдогоос харагдаж байгаа юм. Манай Улс ч энэ тал дээр багагүй санаа тавьж бүр Аялал жуулчлалын жил ч зарлаж байсан удаа бий. Гэтэл Монголын хувьд үзүүлчих юм буюу аялал жуулчлалын бүтээгдэхүүн хомс байдаг бөгөөд хамгийн гол нь Онгоцны тийз өндөр байгаа нь Монголд аялал жуулчлал хөгжихөд нэлээдгүй саад болж байна шүү дээ. Жишээлбэл Японоос Хавай болон Европ яваад ирэх онгоцны тийз 2 талдаа 450$, Хятад, Солонгос, Гуам, Вьетнам, Тайланд, Тайвань гэх зэрэг Азийн улсууд уруу 2 талдаа 100-150$, харин Монгол уруу 2 талдаа 1300$ байна шүү дээ. . Тэгэхээр Япон хүний хувьд үзэх юмгүй Монгол уруу өндөр үнэ төлөөд явах уу, үзэх юм ихтэй орнууд уруу хямд зардалаар явах уу гэдэг нь дэндүү ойлгомжтой биз дээ. Онгоцны зардлаас бус ирсэн хүмүүсийн мөнгийг салгаж авах хэрэгтэй шүү дээ. Бидэнд Чингис гэдэг нэрнээс өөр хүнд үзүүлчих юм үнэхээр алга. Тиймээс энэ салбарыг хөгжүүлж, энэ салбараас мөнгө олъё гэж бодож байгаа бол “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн”тэй болох нь хамгийн чухал. Үгүй ядаж л Социализмын түүхийг харуулсан нэг иж бүрэн музей байгуулчихвал жуулчидад үзүүлэх мөн одоогийн хүүхэд залуучуудад үзүүлбэл сургамжтай бус уу.

Шинэ технологи бүтээх: За да энэ тал дээр ч одоогийн энэ байдлаараа бол бүтэхгүй дээ. Харин Боловсролын салбараа шинэчлэсэний дараагаар л юу юм гэхээс.
Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх: Энэ нь Гаднаас худалдаж авдаг бараа бүтээгдэхүүнийг аль болох л Монголдоо үйлдвэрлэвэл, гадагшаа урсах мөнгө төдий чинээ багасах бөгөөд олон хүнийг ажлын байртай болгох давуу талтай.

Бараа бүтээгдэхүүн экспортлох: Одоо дэлхий дээр хөдөлмөрийн хуваарь нэгэнт тогтчихжээ. Тухайлбал машиныг цөөхөн хэдэн орон үйлдвэрлэж байна, мөн гар утас, электрон болон цахилгаан бараа, эм тариа гээд л... Тэгвэл Монголчууд бид ямар бараа бүтээгдэхүүн экспортлох вэ? Эхний ээлжинд малын гаралтай түүхий эдээ түүхийгээр нь Хятад уруу зөөх биш эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох хэрэгтэй. Гадаадад амьдарч байгаа Монголчууд гадаад хүмүүс оригнал болон чанартай бүтээгдэхүүнд хэр дуртай мөн тэр бүтээгдэхүүн нь хэр өндөр үнэтэй байдгыг сайн мэднэ шүү дээ. Бидэнд байгаа дэлхий сонирхож байгаа хамгийн чухал бүтээгдэхүүн бол ашигт малтмал л байна. Ашигт малтмалыг ашиглахдаа юун түрүүнд байгаль экологын асуудалыг эн тэргүүнд, дараа нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг шаардлага тавиад “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г гадаадын, дотоодын аль ч компанитай байгуулбал Үндсэн хуулийн заалт биелэх байх гэж бодож байна. Энэ талаар саналаа өмнө нь энд бичсэн. Гангийн болон зэсийн үйлдвэртэй болчихвол тэдгээрийг газар дээрээс нь хямдаар авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд олноороо бий болно. Гангийн үйлдвэртэй болвол орон сууц(Сүхбаатарын талбайн өмнө сүндэрлэж байгаа барилгыг төмөрөөр хэрхэн барихыг бид нүдээрээ харсан...), зам гүүр, үйлдвэр завод, машин техникийн эд анги гээд л маш олон бараа бүтээгдэхүүнийг дотооддоо хийх үүд хаалга нэгдэнэ шүү дээ. Хятадад ган хэрэгтэй учраас л Монголоос төмрийн хог болон Төмөртэйн ордыг шороогоор нь зөөж байгаа байх, тиймээс бидэнд зах зээл байхгүй гэх зовлон алга.

Төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох: Энэ талаар дараа үргэлжлүүлье.
2009 оны 8 дугаар сар 4

Монгол Улс хэдийд баян болох вэ?


Монгол улс маань саяхан Дэлхийн банкнаас гаргасан шинэ аргачлалаар нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий хэмжээ нь 1639,0 ам долларт хүрч дунд орлоготой улсуудын тоонд оржээ. Сайхан мэдээ бусуу. Гэтэл бодит байдал ямар байгаа билээ, хүмүүс нь ядуу хэвээрээ л байна. Хөгжилтэй орнуудын хувьд нэг хүнд ноогдох ДНБ нь манайхтай харьцуулашгүй өндөр байгаа бөгөөд тухайлбал Япон Улсын нэг хүнд ноогдох ДНБ нь 45000 орчим доллар гэж байгаа. Хөгжлөөрөө Японтой дүйж очино гэвэл 43000 гаруй долларын зөрүүг яаж гүйцээх вэ? нэг бол Японы ДНБ-ийг өөрийн улсын хэмжээ хүртэл багасгах(энэ мэдээж бүтэхгүй санаа, гэхдээ Монгол Улсын гавъяат эдийн засагч нарыг Япон улсад аваачаад ажиллуулбал бүтэж магадгүй.....) эсвэл, эсвэлсээд байх юу байхав өөрсдөө ДНБ-нхээ хэмжээг л ихэсгэж байж л хөгжих нь тодорхой байх шив дээ.

Монгол Улсыг нэгэн айл гээд жишээлээд бодвол, ямар ч айлын зарлага нь орлогоосоо давж байвал тэр айл баяжих уу, ядуурах уу. Мэдээж ядуурах нь гарцаагүй. Баяжихыг хүсвэл зарлагаа орлогоосоо багасгах, эсвэл орлогоо зарлагаасаа ихэсгэхээс өөр арга байхгүй. Зарлагаа орлогоосоо багасгах, эсвэл орлогоо зарлагаасаа багасгах гэдэг нь адил мэт боловч ялгаатай юм. Эхнийх нь бага орлогодоо тохируулж зарлагаа багасгах, дараагийнх нь зарлагаасаа давсан орлоготой болох гэсэн үг.

Монгол Улсын хувьд энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр “Гадаад худалдааны блансыг ашигтай болговол” Монгол Улсын орлого зарлагаасаа давна. Өөрөөр хэлбэл Импортлосон бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээс Экспортлосон бараа бүтээгдэхүүний үнийн дүн илүү гарсаны дараа л Монгол Улс баян болно.

Үүнээс наана хичнээн 40000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлээд ч, иргэн бүрд Эрдэнийн хишиг, Эх орны хувь өгөөд ч Монгол Улс баян болж иргэдийн амьдрал сайжрахгүй. Энэ сайхан амлалтууд яагаад хэрэгжихгүй байна вэ? хамгийн гол нь мөнгө байхгүй болохоор л хэрэгжихгүй байгаа юм.

Өнөө нэг айл өрхтэйгээ зүйрлэвэл зарлага нь орлогоосоо давсан буюу цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй айл шинэ орон сууц барих, мөн хүүхэд бүртээ сар бүр Эцгийн хишиг, Эхийн хувь гэж нэрлэсэн мөнгө өгөөд байж чадахгүй нь ойлгомжтой биз дээ.

Монгол Улсын Гадаад худалдааны бланс эерэг буюу ашигтай болж илүү гарсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж байж л дээрх алдартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ шүү дээ. Тэгвэл Гадаад худалдааны блансыг яаж ашигтай болгох вэ? Одоогийн импортлож байгаа бараа бүтээгдэхүүнүүдээ импортлодогоороо импортлоод харин экспортын бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэж гадаад улсуудад зарах. Энэ ч бүтэхгүй арга зам байх. Учир нь бид шинэ технологи, шинэ бараа үйлдвэрлэх хүчин чадал, нөөц бий билүү, өөрсдөө бараг юм үйлдвэрлэдэггүй байж шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ технологи бодож олно гэдэг бол мөддөө бүтэх арга зам бол биш байна. Нөгөө нэг арга зам нь импортоор авдаг бараа бүтээгдэхүүнээ аль болох л дотооддоо үйлдвэрлэн импортыг багасгаж, экспортын бараа бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлох нь арай боломжтой санагдаж байна.

Иймээс Төр засгаас импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудыг дэмжиж төрөл бүрийн татвараас чөлөөлж дэмждэг баймаар юм. Мөн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний(монгол эзэнтэй гэсэн үг, мөнгө нь Монголд л үлдэнэ шүү дээ) компаниудыг ч гэсэн зүйл бүрээр дэмждэг тогтолцоотой болмоор юм. Ингэвэл Монголын ДНБ-ний хэмжээ өсөж, Гадаад худалдааны бланс ашигтай болно гэж бодож байна. Гэтэл манай төр харин ч эсрэгээрээ гадаадын компаниудыг л дэмжээд татвараас чөлөөлөөд л байх юм даа. Жишээ нь Мобиком, Бороогоулд гээд дурдвал маш олон компаниуд хөврөх биз. Дашрамд хэлэхэд гар утас хэрэглэгчид Үндэсний оператор(Монгол эзэнтэй) компаниараа үйлчлүүлж, хэрэглэгч нь болвол Монгол Улсын хөгжилд бага гэлтгүй хувь нэмэр оруулах юм шүү дээ. Учир нь дээрх Гадаад худалдааны блансд ашигтайгаар нөлөөлөх бөгөөд Монгол улсын мөнгө Монголдоо үлдэх учир.

2009 оны 7 дугаар сар 31