Бас л нэг Үндсэн хуулийн заалт
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн Нэгд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заажээ. Монгол ардын “Эзэн нь юмаа мэдэж, Эрэг нь усаа хашдаг” гэж зүйр үг байдаг. Энэ зүйр үг болон Үндсэн хуулийн заалтыг холбоод бодоод үзвэл Монгол Улсын газрын хэвлий дэх ашигт малтмал яах аргагүй ард түмний өмч болох нь тодорхой байна. Гэтэл бодит амьдрал дээр ямар байгаа билээ дээ.
Улаанбаатар хотод газар ямар үнэтэй байгаа мөн газрыг хэн зарж баяжиж байгааг хүн бүр мэдэж байх шиг байна. Бүр Монгол Улсын Шадар сайд нь “Газрын панзчин” гэсэн албан бус цол хэргэмтэй болсон байна шүү дээ. Энэ цолыг намынх нь хурал дээр, намынх нь УИХ-ын гишүүн өгсөн байх юм. Шадар сайд маань шудрагын туйл, нөгөө талаас Монгол хүний шудрагын итгэлцүүрийн дээд коэффициент болсон Нямдорж гуайн хэлээр “Төрийнхөө төлөө Чөмгөө дундартал” зүтгэж байгаад “Газрын панзчин” хэмээх цолтой болсон байна. Уг нь бол шадар сайд маань ийм цолгүй байж болох л байсан гэтэл яасан хуулийн дагуу шийдвэр гаргаад л дээрх цолыг өөртөө авсан байна.
Тэгвэл хуулийг хэн боловсруулж хэн баталдаг вэ?
Үнэндээ УИХ хууль боловсруулж батлах зориулалттай боловч өнөөх УИХ нь бараг бичиг үсэг барагтайхан тайлагдсан хүмүүсээр дүүрсэн учир “Хэн нэгний боловсруулсан хуулийг”(тухайн хуулийнхаа талаар ойлголтгүйгээр) батлах уу, эс батлах уу гээд товчлуур дараад сууж байдаг хүмүүсийн бөөгнөрөл болсон байна. Тэгээд бүр зарим гишүүд нь 2 ч удаагийн УИХ-д сонгогдсон мөртлөө тухайн санал хураалт дээр аль товчлуураа(тийм, үгүй гэсэн 2 товчлуур байдаг гэж сонссон) дарах учираа одоо болтол олоогүй байгаа нь Монгол Улсын хуулиуд амьдралд хэрэгждэггүй, муу хууль байдагтай холбоотой байх.
Ашигт малтмалын тухай хуулиа Монгол Улс хэдэн ч удаа өөрчлөв, мөн энэ хуулийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэр дээрх уул уурхай, ашигт малтмалтай холбоотой бүхий л асуудлууд зохицуулагдаж байдаг гэж ойлгож байгаа. Гэтэл энэ хууль ард түмэнд юу өгөв? Дээрх Үндсэн хуулийн заалт ашигт матлмалын тухай хуулинд тусгагдсан уу үгүй юу?
1997 оноос Алт хөтөлбөр хэрэгжсэнээр монголд Алтны халуурал эхэлсэн. Мөн Тэр үеийн хуулиар Бороогоулд, Цайртминериал зэрэг компаниуд тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэж байгаа. Саяхан стратегийн ач холбогдолтой газрууд гэсэн нэр томъёо, бүр тийм хууль мөн том ордууд болон Улс хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол Төр 34% хүртэл эзэмшинэ гэсэн хуулийн заалт хүртэл буй болжээ. Энд хамгийн их сонирхол татаж байгаа зүйл бол дээрх Үндсэн хуулийн заалт юм.
Ямар нэгэн орд газар нээгдэхээсээ мөн ашиглагдхаасаа өмнө ард түмний өмч байснаа ашиглаж эхлэнгүүт л яахаараа Эрэлийн Эрдэнэбатын, Монгол газрын Мянганбаярын, Бороогоулдын, Цайртмениралын, АйвенхоМайнз компанийн өмч болчихдог байна аа. Энд л хамгийн гол учир битүүлэг зүйл байна. Газрын баялагыг ашиглаад эхлэнгүүт л ард түмний өмч биш болоод Үнсэн хуулийн заалт маань өнөө “УМ МАНИ БАДНИ ХУМ”-тай адил үг болчихоод байна.
Тэгвэл тухайн ашигт малтмалыг ашиглах явцад Үндсэн хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар арга зам байна вэ? Миний бодлоор “БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ” л хамгийн боломжтой, тохиромжтой бөгөөд Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж болох хувилбар гэж үзэж байна. Том ч бай, жижиг ч бай, Страгтегийн ч бай ямар ч ашигт малтмалын ордыг гадаад, дотоодын хэн ч ашигласан бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газартай байгуулдаг хуулийн орчинг Ашигт малтмалын тухай хуулинд суулгаж өгөх хэрэгтэй гэж бодож байна.
Тухайлбал 70:30 ын харьцаатайгаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж болох юм. Тэгвэл тухайн ордыг ашиглахад гарах зардал нь ойролцоогоор 50% гэж үзвэл уг компани 20%-ийн ашигтай ажиллана гэсэн үг. Энэ 30% бол шууд авч байгаа мөнгөний дүн бөгөөд энэн дээр ажилчдын цалин, газар ашигласаны төлбөр, татвар зэргийг нэмбэл бид бараг л 80%-ийг нь авч байна аа гэсэн үг.
Засгийн газар цэвэр 30%-ийн бүтээгдэхүүнээ зараад олсон мөнгөө ард түмэндээ(нөгөө алдарт Эрдэнийн хувь, Эх орны хишиг) буюу эмнэлэг, сургууль, зам тээвэр, дэд бүтэц нийгмийн халамждаа хагасыг нь зарцуулаад үлдсэн хэсгийг нь эрсдлийн сандаа хадгалбал Үндсэн хуулийн заалт маань бүрэн хэмжээгээр хэрэгжиж ард түмний амьдрал сайжирч, Улс орон маань хөгжих юм болов уу гэж бодож байна. Иймээс Оюу толгой, Таван толгойн орд газрууд дээр “БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ” цаашлаад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмал олзворлох бүхий л компаниудтай “БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ” байгуулцгаая.
Үргэлжлэл бий.
2009 оны 6 дугаар сар 11
No comments:
Post a Comment