Билэгшээх, билэгдэх гэж нэг асуудал байх.
Монгол хүн амны билгээс, ашдын билэг гэдэг үг хүртэл байх. Энэ үг нь ямархуу утга агуулаад байгаа нь бас ойлгомжгүй. Муу амлаж бол болохгүй, харин сайн амлах бол болох ч юм шиг. Бүр билэгшээхийг хөгжүүлээд шашин шахуу юм болгочихсон байх. Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны Тэргүүн Ганбаатарын анх Монголд оруулж ирсэн аа нөгөө юу билээ дээ мартаж орхиж, яагаав нөгөө мөнгө зуусан мэлхий хоймороо хааш нь ч билээ дээ харуулж байрлуулбал ИХ МӨНГӨтэй болдог гээд л нэг хэсэг билэгшээгээгүй юу? Тэгээд мөнгөтэй болсон нь хэд ч юм. Тэр мэлхийг нь гэртээ тавих биш зарсан нь мөнгөтэй болдог гэдгийг нь мань нөхөр харин хүмүүст хэлээгүй юм шиг байна лээ.
Билэгшээх юм мундахгүй байна аа бид нарт. Мэдээж аливаа зүйлд сайн, муу талууд байх нь зүйн хэрэг боловч муу тал нь давамгайлаад ирвэл тэгээд л болохоо байж байгаа тэр шүү дээ. Энэ билэгшээл гэдэг харанхуй бүдүүлэг, яах ч учраа олохоо байсан, тийм хүнд бол яах аргагүй үнэн байж магадгүй санагддаг юм шиг ээ. Соёлт хүмүүнд энэ билэгшээл бол их л ойлгомжгүй санагдах буйзаа. Сая шинэ Ерөнхийлөгч маань тангарагаа 12 цаг 06 минутад өргөнө гэж. Учир нь Чингис хаан 1206 онд Хамаг Монгол Улсын хаан ширээд залагджээ. Ингэж билэгдэнэ ээ гэдэг чинь Элбэгээ дарга Чингис хаан болохыг билэгдээд байна уу, эсвэл Их Монгол Улсыг дахин байгуулахыг билэгдээд байна уу гэдэг нь их ойлгомжгүй билэгдэл болж байгаа юм. 12 цаг 06 минут гэдэг нь ердөө л 1 минут үргэлжлэх хугацаа шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр 1 минут шиг богино хугацаанд ажиллана гэж билэгдээд, билэгшээгээд байгаа юм болов уу? За тэгээд өнөөдөр яг 12 цаг 06 минутадаа тангарагаа өргөж чадсан эсэх нь их л сонирхолтой асуулт болон үлдэж байх шив дээ.
Монголчуудын хамгийн том билэгшээл Цагаан сар гэдэг толгойны өвчин байна аа. Наадам болох гэж байхад юун цагаан сар гэж бодох хүн байж магадгүй л юм. Гэхдээ тун удахгүй Монголд Цагаан сар болно. Цагаан сараар мөрөө гаргах гэж хамгийн том билэгшээл байна. Цагаан сар хийдэггүй, мөрөө гаргадаггүй өөр үндэстэнүүд харин яадаг юм болдоо.
Ажаад байхад билэгшээгээд байхад л Монгол, Түвд 2 л ертөнцийн адаг уруу тэмүүлээд байх шиг. За тэгээд цаашилбал үс засуулах, аян замд гарах, хулгай хийхэд хүртэл баригдахгүй сайн цаг байх жишээтэй. Гэтэл хамгийн төвөгтэй нь хүн бүр зурхайч эсвэл лам биш болохоор хэзээ цагаан сараа тэмдэглэх учраа олохгүй баахан эргэлзэнэ. Өнөө билэгшээл маань юу болох нь энэ вэ? Зарим нь бүр сүрдүүлж ч байх шиг. Буруу өдөр шинэлэвэл их гай болно, юу юу гэнэв, бараг л Монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэсэнээс болж дэлхий сөнөхийн байхаа. Учир мэдэх хүмүүсийн яриагаар хэвлүүлсэн цаг тооны бичгээсээ олох орлогоо булаацалдаж л тийм маргаан өрнүүлдэг гэх юм билээ. Мөн цагаан сарыг монголчууд нэлээд хэдэн жилийн өмнө 20 тэрбум орчим төргөргөөр тэмдэглэдэг гэж байсан. Одоо лав 100 тэрбум орчим болоо биз. Энэ мөнгийг ердөө л 3 хоногийн хоол хүнс, бэлэг сэлтэд(өнөө хужаа оймс, тамхи) зарцуулж байгаа хэрэг шүү дээ. За тэр эрүүл ахуй, эрүүл зөв хооллолтын асуудал бүр хэтэрхий. Цагаан сар бол уг нь хуучин оноо үдэх, шинэ оноо угтах билэгдэл шүү дээ. Гэтэл бид амьдралдаа өдөр тутамдаа хуучин монгол тооллоо хэрэглэж байгаа билүү. Нэгэнт л Григорийн хуанли хэрэглэж байгаа болохоор Цагаан сараа 1 сарын 1 юм уу, 12 сарын 29 нд хийдэг болчихвол зүгээр юмуу гэж бодож байна.
Нэгд: эдийн засгийн хэмнэлттэй(Шинэ жил болон Цагаан сар хамтдаа болдог болвол эдийн засгийн ямар их хэмнэлт гарах нь тодорхой),
Хоёрт: орчин цагтайгаа хөл нийлүүлэх(Ялангуяа Улаанбаатар хот, аймгийн төвийн хүмүүс өнчин ишиггүй мөртлөө даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, ишиг хүзүүтэй, ботго бөхтэй юу гээд мэндлээд байх нь хэцүүхэн санагддаг юм),
Гуравт: өнөө зурхайчдын хэрүүлийг нэг тийш болгож нийтээрээ нэгдсэн ойлголттой болох гээд л олон талын ач холбогдолтой санагдаж байна.
Аа тэр 12 сарын 29 гэдэг нь 1911 оны 12 сарын 29-ний өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан учир энэ өдөр Цагаан сараа тэмдэглэж яагаад болохгүй гэж тэр зурхайчдын тогтоодог өдрөөс хамаагүй илүү учир шалтгаан билэгшээлтэй өдөр биш үү. Үүнийг шийдэж чадах хүн бол Эрхэм Ерөнхийлөгч шүү дээ. Тангараг өргөхдөө билэгшээж байгаа олохоор энэ мэт жижиг ч гэлтгүй асуудлуудыг шийдчихвэл Монгол Улсын хөгжилд бага ч гэсэн хэрэг болох байхаа гэж бодож байна.
2009 оны 6 дугаар сар 18
No comments:
Post a Comment