Монголын боловсролын үнэ цэнэ-2


Монголд өчигдөр, өнөөдөр их дээд сургуулийн элсэлт орон даяар явагдаад өнгөрлөө. Элсэлт ч юу байхав төгсөгчдөөсөө олон орон тоотой болохоор хуваарьгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй л дээ. Одоогийн Монголын их дээд сургуулиуд үнэн чанартаа “Насанд хүрэгчдийн цэцэрлэг” болж хувирсан шүү дээ.

Их дээд сургууль төгслөө гэхэд өнөө ажлын байр гэдэг асуудал юу билээ. Улс оронд хөдөлмөрийн хуваарь гэдэг юм байхгүй болохоор нөгөө автобус нэг талдаа гарчихсан гэдэг шиг юм болчихоод байна. Хүн бүр их дээд сургууль төгсөөд хар ажил хийх хүн Монголд маань байхгүй болжээ. Үүний хамгийн тод жишээ бол хятад барилгачид. Монголд барилга дээр ажиллах хүн байхгүй(их дээд сургууль төгсчихөөд барилга дээр ажиллавал ёстой нөгөө онигоо гэдэг нь болох байлгүй тийм ээ?....) мөн хулгай хийдэг, шийдвэр гаргачдын харалган бодлогоос улбаалаад хөдөлмөрийн зах зээлээ хятадуудад алдчихсан байх шив дээ.

Би өмнө нь хуулийн сургуулийн төлбөрийг өндөр болгоё гэж бичиж байсан. Гэхдээ дан ганц хууль биш бүхий л их дээд сургуулийн төлбөрийг өндөрсгөх шаардалагтай гэж бодож байна. Монголын боловсрол үнэгүйдэж байгаагын нэг шалтгаан нь бага төлбөр юм. Хуучин ерөнхийлөгч маань сонгуульд нахихдаа Их дээд сургуулийн төлбөрийг үнэгүй болгоно гээд бүр баллах шахав шив. Бурхан биднийг харав уу?, Монголчууд зөв сонголт хийв үү?
Их дээд сургуулийн төлбөр өндөр байвал багш нарынх нь цалин нэмэгдэнэ, мөн нэг ангид хичээллэх оюутаны тоо цөөрч сургалтын чанар сайжирна, сургалтын материаллаг бааз хурдан шинэчлэгдэнэ гээд олон эерэг талууд бий бөгөөд хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхэдээ төрүүлсэнээс эхлээд л хүүхдийнхээ ирээдүйд анхаарал тавьж эхлэнэ шүү дээ. Хүүхдээ дунд сургуульд ороход л ирээдүйн тухай бодож аль хичээлийг түлхүү үзүүлэхэв, ямар дунд сургуульд оруулахав, бүрэн дунд сургууль төгсөхөд нь их дээд сургуульд оруулах уу үгүй юу, оруулахаар бол төлбөрийг нь яаж шийдэхэв, одооноос хураах уу гэх мэтчилэн бодож эхлэх байх.
Одоо бол Монголчууд хүүхдээ 11-р анги төгсөх үед нь л гэнэт ухаан ороод манай хүүхэд аль хичээлдээ сайн билээ, юуны ангид элсүүлэхэв, аль сургуульд оруулахав, аль сургуульд ямар таньдаг хүн байна гээд хайгаад эхлэнэ шүү дээ. Энэ байдал чинь өнөө авилгын нэг хэлбэр бусуу.

Сургалтын төлбөрийг өндөрсгөхийн зэрэгцээ сайн сурлагатай оюутнуудыг дэмжиж "сургалтын төлбөр+амьжиргааны зардал" гэсэн тэтгэлэгийг Засгийн газраас олгох нь зөв гэж бодож байна.

Мөн одоогийн энэ элсэлтийн шалгалтыг Улсын шалгалттай нь хамтатгаж авбал цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх нь ойлгомжтой билээ. Одоогийн энэ босго оноог сургууль бүр тогтоодогыг болиулж боловсролын яамнаас 560 онооноос дээш тогтоох хэрэгтэй байна. Учир нь одоогийн 800 онооны 200 нь суурь оноо гэсэн шалгалтад орсон л бол юу ч хийгээгүй байхад авах оноо бөгөөд үлдсэн 600 онооны 60 хувь болох 360 оноо, өнөө сул 200 оноотой нийлээд 560 болж байаа юм. Ингэснээр чанаргүй хувийн сургуулиуд эрс багасах нь дамжиггүй. Ингэж их дээд сургуульд элсэх босго оноог өндрөөр тогтоож өгсөнөөр мэргэжлийн сургуулиуд оюутантай болж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр тогтох боломж бүрдэнэ гэж бодож байна.

Боловсролын салбарыг өөрчлөхөд дан ганц их дээд сургуулийн төлбөрийг өндөрсгөсөнөөр шийдэхгүй нь ойлгомжтой бөгөөд өөр олон асуудлыг шийдэх ёстой.

Үргэлжлэл бий.

2009 оны 7 дугаар сарын 2


No comments:

Post a Comment