Монголын боловсролын үнэ цэнэ (төгсгөл)


Боловсрол гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ? Боловсролтой хүн гэж чухам ямар хүнийг ойлгох вэ? Боловсрох, боловсролтой, боловсорсон гэх зэрэг үгнүүдийн үндэс нь ижил учир Боловсорсон жимс(бүрэн)-ний тухай төсөөлбөл түүний амт чанар, өнгө үзэмж нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Энэ буруу зүйрлэл байж болох ч боловсролтой хүн гэдэг бол боловсорсон жимс лугаа адил хүн байх нь. Тиймээс боловсролтой хүн гэдэг нь өргөн мэдлэг, өндөр соёл, зөв ёс суртахуунтай, бие бялдар эрүүл тэгш хүн буюу жентелменийг л хэлээд байх шиг. Локк, Руссо нарын эртний сурган хүмүүжүүлэгчид жентелмений гэр бүлээс л жентелмен төрнө гэж үзэж байжээ. Энэ нь хэдийгээр үнэний хувьтай боловч нийт хүн амын хувьд боломжгүй зүйл аж.

Хүн бүр жентелмен эсвэл математикч, физикч, химич, биологч, тамирчин болох албагүй харин сайн эцэг эх, зөв хүмүүжилтэй бие хүн болох ёстой. Тэгвэл аливаа хувь хүн боловсролын системийн бүхий л шатыг дамжсаны эцэст боловсролтой бие хүн болох уу? Мэдээж үгүй. Гэхдээ хувь хүн, бие хүн болон төлөвшихөд удам угсаа, өссөн орчин, хоол хүнс, суралцсан сургууль, хичээл заалгасан багш гэх мэт олон хүчин зүйлүүдээс шалгаалах нь тодорхой боловч эдгээрээс боловсролын систем чухал байр суурь эзлэх нь дамжиггүй. Гэтэл Монголын боловсролын систем хувьд хүний бие хүн болон төлөвшдөг хамгийн чухал үе болох “дунд сургууль” нь хүн бүрийг математикч, физикч, химич, биологч, тамирчин болгох гээд байн уу гэмээр. Соёл болон ёс суртахууны хичээл ер ордоггүй нь ингэж бодоход хүргэж байна л даа. Байшин барихад суурь хамгийн чухал гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Мэргэжлийн сургууль болон Их дээд сургуульд боловсрол гэхээсээ илүү мэргэжил, мэргэшил олгодог шүү дээ. Их дээд сургуулиуд ийм мэргэжилтэн, тийм мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ гэхээс биш тийм боловсролтой хүн бэлтгэнэ гэдэггүй. Гэтэл ямар нэгэн их дээд сургууль төгссөн л бол дээд мэргэжилтэй бус дээд боловсролтой болдог гэсэн андуу ташаа ойлголттой хүмүүс байх шиг. Хэд хэдэн оронд, хэд хэдэн их дээд сургууль төгссөн хүмүүс “гэмт хэрэг” хийж байгаа нь тэр хүн дээд мэргэжилтэй, мэргэшилтэй болсон уу, боловсролтой болсон уу гэдгийн хамгийн энгийн хариу юм. Тэгэхээр боловсрол гэдэг нь мэдлэгээс илүү өргөн хүрээтэй бөгөөд ялгаатай гэдэг нь харагдаж байна.

Бид хэдийгээр социализмийн үеэс үлдсэн сургалтын системээр олон талын мэдлэг олж авч байгаа ч яг нэг чиглэлээр эцэст нь хүртэл суралцсан уу, чадваржсан уу гэдэг нь бодох л асуудал. Одоогийн Монголын боловсролын систем нь өнгөрсөн зуунуудынхтай харьцуулашгүй дээшлэсэн нь үнэн боловч орчин үеийн шаардлагад нийцэж байна уу, үгүй юу?

Монголын их дээд сургуулийн дипломыг дэлхий хүлээн зөвшөөрдөг үү, Монголын их дээд сургуулиудаас, Дэлхийн биш шүү, Азийн эхний 100 дотор биш юмаа гэхэд ядаж Азийн ретингд орсон сургууль байхгүй байгаа нь манай боловсролын систем нэг л биш гэдэг нь харагдах байх.

Улс оронд маань болоод байгаа буурангуй явдлууд нь хэдийгээр ядуугаас шалтгаалж байгаа боловч боловсролын системээс ихээхэн шалтгаалж байгаа гэж бодож байна.

Зүйрлэвэл хэдийгээр би өөрийн идсэн хоолоо муулж байгаа боловч үр хүүхэд, хойч үедээ муу хоол идүүлэхгүй юмсан гэдэг үүднээс мөн зүгээр нэг хараад эсвэл хэн нэгэн засаж сайжруулахыг хүлээж суух биш тал талаас нь ярилцаж улмаар түүнийгээ ажил хэрэг болгох юмсан гэдэг үүднээс өөрийн санаагаа бичсэн болно.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй,
Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ.

2007 оны 7 сарын 28

No comments:

Post a Comment