Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээр олж авсан нь алдсанаасаа их үү бага уу? Их ч байж магадгүй бага ч байж магадгүй. Асуудлыг аль өнцгөөс харж байна вэ? Гэдгээсээ шалтгаалах байх. Тухайлбал Боловсролын хувьд өмнөх зууныхаа боловсролтой харьцуулбал маш их дэвшсэн ч юм шиг, гэтэл одоогийн боловсролын байдалаа бусад улстай харьцуулбал алдсан ч юм шиг. Бид боловсролын хувьд алдсан уу?, оносон уу?
Боловсрол гэж юу вэ? Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэдэг нь бас харьцангуй ойлголт болохоор боловсрол, боловсролын систем гэдэг нь ч бас харьцангуй ойлголт л доо. Нэрт нийтлэлч Баабар гуай энэ талаар УИХ-ын гишүүн, өөрийх нь яриагаар бараг л Монголын уртаашаа ганц хуульч болох Нямдорж гуайн хэр боловсролтой болох талаар хэдэнтээ бичсэн бөгөөд бүр шүүхэд дуудагдаж байсан удаатай.
Хуучин системийн үед Манай Улсын Боловсролын систем нь хүн бүхнийг математикч, түүхч, химич, физикч болгох зорилготой гэмээр байлаа. Гэтэл хүн бүр эрдэмтэн болох албагүй харин “Хүн бүр сайн ээж, сайн аав, зөв иргэн” болох ёстой байдаг. Эндээс л Монголын боловсролын системийн гажиг харагдаж эхэлж байна даа. Хуучин системээс шинэ системд шилжихэд шинэчлэгдээгүй үлдсэн салбаруудын нэг нь яах аргагүй Боловсролын салбар юм.
Багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалтад шилжлээ л гэсэн. Мөн дунд сургуулиудыг цогцолбор сургууль болгож өөрчилсөн. Бүрэн дунд сургуульд 10 жил сурдаг байсанаа 11 жил болгосон, одоо 12 болох гэж байна. Бусад орны боловсролын системийн гадна талыг л дуурайгаад байхаас доторх агуулгыг нь ер харахгүй байна уу даа гэж бодмоор.
Одоогийн энэ ангиар сургадаг системийг анх бодож олсон Я.А.Каменский гэдэг сурган хүмүүжүүлэгч “Сэтгэхүйн хувьд ижил түвшинтэй хүүхдүүдийг нэг анги” болгож хичээл заавал үр дүнтэй гэж үзэж байжээ. Гэтэл тэр нь одоо Монголд “нас ижил хүүхдүүд нэг анги”д хичээллэдэг болж өөрчлөгджээ. Хуучин тогтолцооны үед улираадаг байсан ч тэр нь доод ангийнхантайгаа ижил түвшинтэй, ойролцоо сэтгэлгээтэй гэсэн үг биш шүү дээ. Энэ нь бүр ч тухайн хүндээ доромж маягийн зүйл болдог байсан даа. Хавар анги төгсөхөд нь авдаг улсын шалгалтын дүнгээр намар дахин анги хувиарладаг бол хичээлийн үр өгөөж хэрхэн дээшлэх нь тодорхой. Хичээлийн 40хөн минутад янз бүрийн түвшинтэй хүүхдүүдэд хичээл заана гэдэг багшийн хувьд ч, хүүхдүүдийн хувьд ч төвөгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл шүү дээ.
Сая шинэ Ерөнхийлөгч маань дунд сургуульд Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөний талаар хичээл оруулахаар зарлиг гаргажээ. Эдгээрийн тухай нийгэм судлалын хичээлээр одоо ч үзэж байгаа шүү дээ. Харин цаг нь их үү, бага уу гэдэг нь л асуудал байх. Суурь нь муу бол тэр барилгын чанар хэр байх нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тиймээс Бүрэн дунд боловсролынхоо системийг юуны түрүүнд өөрчилмөөр санагдаж байна.
Үргэлжлэл бий.
2009 оны 6 дугаар сар 27
No comments:
Post a Comment