Showing posts with label Нийгэм. Show all posts
Showing posts with label Нийгэм. Show all posts

Намайг найз нөхөд маань тодорхойлно


           Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярилцлага өгч байгаа хүмүүс болон ихэнх хүмүүс “Та өөрийгөө тодорхойлооч” гэсэн асуултад, ихэвчлэн “Намайг миний найз нөхөд торхойлно” гэж хариулдаг. Энэ нь Монголчуудын уламжлалт амьдрал ахуй, ёс заншилтай холбоотой байж магад. Бие биеээсээ хол амьдардаг нүүдэлчдийн хувьд үргэлж бие биетэйгээ харьцах боломж тэр бүр гардаггүй болохоор бусдын үгээр бусдыг тодорхойлох нь арга үгүй ч байсан байж магад. Мөн худлаа ярихааргүй хүн хэлсэн гэдэг хэллэг байна. Худлаа ярихааргүй гэдэг тодорхойлолт нь бас нэг тийм ойлгомжгүй. Гэхдээ тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж үг байна аа. Гэтэл тэмээ гэдэг нь хүн биш амьтан болохоор нэг л төрлийн зан авиртай байх нь аргагүй юм. Хэдийгээр шууд утгаараа тэмээний тухай хэлээгүй ч хүн бол амьтнаас ялгагдах “сэтгэн бодох, ургуулан бодох, хийсвэрлэн бодох” чанартай болохоор амьтантай даанч адилтгаж үзэж боломгүй санагдана. Миний бодлоор намайг надаас өөр хэн ч мэдэхгүй, таныг таниас өөр хэн ч тодорхойлж чадахгүй л гэж бодож байна. Таны дотроо юу бодож байгааг хэн тааж мэдэх билээ. Тэр ч уг нь тийм зан гаргахаар хүн биш дээ, өдий хүртэл тэр хүнийг таниагүй явжээ гэх яриа хаа сайгүй л яригдаж байдаг. 
 Дэлгэрэнгүй...

Амлалтын мөнгө


Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар одоогийн эрх баригч намууд 1 сая, 1.5 сая төгрөг хүн бүрт өгөхөөр амлаад 2-уулаа ялсан билээ. Уг нь жил бүр өгнө гэж байснаа одоо 4 жилд 1 удаа өгнө, өгөхдөө 500 мянгыг нь бэлнээр, үлдсэнийг нь биет бус хэлбэрээр өгөхөөр болж байх шив. Уг нь энэ амлалтын мөнгийг хэн хүнгүй л болохгүй, муу үр дагавартай гэж ярьж байгаа боловч авахгүй гэж хэлэх хүн цөөхөн байна уу даа.

Бүр сонгуулиас өмнө тэр үеийн МАХНын дарга С.Баяр гуай АН-ыг 1 сая төгрөгийн “хувьцаа” амлангуут энэ бол байж боломгүй зүйл, энэ мөнгийг өгвөл Монгол Улс элгээрээ хэвтэнэ гэж ярьж байснаа төд удалгүй өөрөө 1.5 саяыг бэлнээр өгнө гэж амлаад, 1.5 сая гэдэг бол “бүрэн боломжтой тоо” юм гэж хэлсэн нь мэдээлэл өргөн тарсан энэ үед баримттайгаар бичлэг нь үлджээ. Уг нь 1 саятөгрөгийн хувьцаа, 1.5 сая бэлэн мөнгө 2-т ихээхэн ялгаа бий л дээ. Өгөх гэж бус зөвхөн ялахын тулд амласан гэдгийг МАХН-ын лидерүүдийн нэг, Монгол Улсын уртаашаа ганц хуульч, шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж гуай саяхны ярилцлагадаа батлан хэлсэн байна. Нэгэнт байдал ийм байхад нэг хэсэг нь энэ мөнгийг нэхээд, нөгөө хэсэг нь уг нь буруу юм, гэхдээ өгүүл авна, авахаараа ийм ч юм, тийм ч юм хийнэ гээд ярилцаад байх юм.

Өмнө нь хүүхэд, өндөр настангуудад 70000 төгрөг өгсөн. Лав л авахгүй гэсэн хүн гараагүй юм шиг байна. Харин одоо үлдсэн хүмүүстээ өгөх үед гадаадад байгаа нэлээд хүмүүс авахгүй болтой. Гэхдээ энэ нь ийм мөнгө өгөхийг буруу гэж үзээд авахгүй гэж байгаа биш, харин авах процесс нь нэлээн ярвигтай, 70000 төгрөг авахын тулд бараг түүнээсээ илүү зардал гарах болчих гээд байгаа бололтой. Учир нь энэ 70000 төгрөгийг авахын тулд Элчин сайдын яаман дээр өөрийн биеээрээ очиж итгэмжлэлийг 40 доллараар авах болчихоод байгаа юм билээ. За тэгээд Элчин сайдын яамны хажууд амьдардаггүй л бол унааны зардалаа нэмбэл зарим хүний хувьд 70000 аар ч тогтохгүй, мөн үүн дээр Элчин сайдын яам уруу явж алдах 1 өдрийн ажлын хөлсөө нэмбэл бүр баларна.

Энэ зүгээр тараагаад байгаа 200 орчим тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ?

1. 50 м2 бүхий, 1м2 нь 1000 долларын үнэтэй 2750 орчим орон сууц,
2. Төрөх эмнэлэг 10 хэдэн ширхэг (МАХН 10 гаруй тэр бумаар 12 давхар ордон байрьж байгаа),
3. 1500 км хар зам. (Улаанбаатар хотын 400 км гаруй хар замыг 3 удаа шинээр тавьж болох ),
4. 10000 оюутан гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцуулах,
5. Эмнэлгийн иж бүрэн оношлогооны төв хэд хэдийг барьж болно.

Өнгөцхөн авч үзэхэд л дээрх зүйлүүдийг аль нэгийг нь хийж болох нь ээ. Ганц удаа биш цаана нь дахиад хүн бүрт 430 мянган төгрөг бэлнээр өгнө гэж байна. Одоогийн өгч байгаагаас 7 дахин их мөнгө. Дээрх 5 зүйлийг бүгдийг нь хийгээд илүү гарч байна. Ийм их бэлэн мөнгийг зүгээр тараана гэдэг санаанд багташгүй юм. Нэгэнт бурууг нь мэдсээр байж өгөхөөр болоод хууль гаргачихсан болохоор ганц нэг хүн хичнээн эсэргүүцээд нэмэргүй болсон биз дээ. Зүгээр өгч байхаар ойр зуурын юм хийлгээд өнөөнэгээр нь нүх ухуулаад, нөгөөгөөр нь булуулаад хоёуланд нь цалин өгдөг” гэдэг шиг ямар нэг юм хийлгээд өгвөл уг нь их зүгээр юм. Ядаж л орчин тойрных нь хогийг цэвэрлүүлээд худалдаж авч болдоггүй юм байхдаа.

Мөн өнгөрсөн 7 хоногт ДОХ-ын 3 тохиолдол илэрсэн гэнэ. Өмнө нь нэлээд байж байгаад ганц нэг илэрдэг байсан бол одоо давтамж нь ойртоод, илрэх тоо нь ихсээд байгаа нь аюулын харанга нэлээн ойртсон хэрэг биш үү. Тэгэхээр бүх хүмүүсээ ДОХ-ын шинжилгээнд хамруулаад, шинжилгээ өгсөн хүмүүст нь энэ мөнгөө өгч болдоггүй юм болов уу?

Өнөө стандарт бус С.Баяр сайдын 5 төгөлдөршилийн нэг болох хүн амын бүртгэлээ хийх, ухаантай иргэний үнэмлэх өгөх зэрэг ажлуудаа амжуулаад авмаар юм. Үгүй ядаж л байнга осол аваар гарч олон эрдэнэт хүний амь эрсдэж байдаг Налайх-Улаанбаатарын хоорондох 45хан км замыг өргөтгөж болдоггүй юм байх даа.


2010 оны 4 дүгээр сар 21


Харьцангуй


Харьцангуй гэдэг нь туйлын үнэн гэж байхгүй гэсэн утгагтай үг юм. Бас юм 2 талтай ч гэж ярьдаг. Учир нь асуудлыг нэг өнцгөөс харахад зөв мөртлөө өөр талаас нь харахад буруу байдаг. Тиймээс аливаа зүйлийн талаар ярьж үнэлэлт дүгнэлт өгөхдөө юутай харьцуулж байна вэ? гэдгийг нь сайтар тунгаах нь чухал юм. Тухайлбал явж байгаа автобусанд сандал дээр сууж байгаа хүнийг замтай харьцуулж харвал тухайн хүнийг хөдлөж байна гэж хэлнэ, учир нь хүн автобустайгаа хамт хөдлөж байна. Харин автобусны сандалтай харьцуулж харвал хүн хөдлөхгүй байна. Энэ тохиолдолд болж байгаа үйл явдлын талаар өөрөөр хэлбэл тухайн хүнийг хөдлөж байна гэж хэлэх нь ч зөв, хөдлөхгүй байна гэж хэлэх нь ч зөв, аль аль нь л зөв. Монголчууд нүдээр харсан нь үнэн, чихээр сонссон худал гэж ярьдаг, бүр үнэн худлын хооронд 4 хуруу зай бий ч гэж ярьдаг. Гэтэл дээрх жишээнээс харвал бүгдээрээ нэгэн зэрэг нүдээрээ харахад л тухайн үйл явдлыг өөр өөрөөр харж болох нь байна. Ийм болохоор аливаа зүйлийн талаар ярих, болж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө аль өнцгөөс нь харах вэ? гэдгээ эхэлж тодорхойлох нь хамгийн чухал асуудал болж байна.

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3 хоног гэдэг шиг одоо чимээгүй болсон байх шив дээ. Тэр үед үнэхээр Асашёорюүгийн фанатууд гэж байгаа бол юу ч хийж мэдэхээр мэдээнүүд цуварч байлаа. Монголчууд сүмо үзэхээ больё, 2 аваргын нулимсыг үзсэн муусайн япончууд, үзэх юмгүй болчихсон сөнөх гэж байхад нь Дагвадорж очиж японы сүмог аварсан, одоо сүмо нь үзэгчгүй болно, бүр барилдаж байгаа бүх сүмочид болон Японд амьдарч байгаа Монголчуудаа татъя, 32 түрүүлсэн дээд амжилтыг нь эвдэх гээд байсан болохоор албаар шахаж хавчлаа гэх мэтээр ярьж хэлж байгаа нэг хэсэг хүмүүс байхад нөгөө хэсэг нь усыг нь уусан бол ёсыг нь дагах ёстой, хууль дүрмийнхээ дагуу шийдэж байгаа нь зөв, өөрөө биеэ зөв авч явах ёстой байсан гэж ярьж хэлж байлаа.
Мэдээж хүмүүсийн санаа бодол ялгаатай байх нь ойлгомжтой боловч энд дээрх харьцангуйн тухай олголт бас гарч ирж байна. Өөрөөр хэлбэл шууд харахад дээрх 2 талцсан байдалтай байгаа хүмүүсийн аль альных нь зөв болно. Учир нь хууль дүрэм биелүүлдэггүй эсвэл мэдээлэл дутуу хүмүүсийн хувьд түүнийг өмөөрч байгаа нь зөв л хэрэг. Олонд нэртэй хүн хүн зодох, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах зэрэг үзэгдэл бол монголд хэвийн шахуу зүйл шүү дээ. Харин хууль дүрмийг сайтар биелүүлдэг, хүний эрх, эрх чөлөөний талаар ойлголт сайтай, мэдээлэлд илүү ойр байсан хүмүүсийн тухайд бол түүнийг өмөөрөх шаардлагагүй сүмогийн холбоо хууль дүрмийнхээ дагуу шийджээ гэж үзсэн байна.
Тэгэхээр энэ асуудлыг хэн ч байсан хууль дүрмээ биелүүлдэг байх нь зөв гэдэг талаас нь авч үзсэн нь дээр үү? эсвэл хууль дүрэм тэгш бус байх ёстой, олны танил болон мөнгөтэй хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс хүн хэд хэдэн удаа хууль дүрэм биелүүлэхгүй байж болно гэсэн талаас нь авч үзсэн нь дээр үү. Мэдээж бид хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байдаг тогтолцоог л хүсэж байгаа шүү дээ.

Дашрамд хэлэхэд 2.7 сая Монголчууд сүмо үзэхээ болиход Японы сүмод ямар ч өөрчлөлт гарахгүй шүү дээ. Бид ямар сүмог мөнгөөр үздэг биш. Өмнө нь бид сүмогийн барилдаан үзэх, сүмогоор барилдах нь бүү хэл сүмо гэж юу байдаг тухай сонссоо ч үгүй хэдэн мянган жил болсон хүмүүс. Монголчууд сүмо барилдахгүй бол хэнд ашиггүй байхав мэдээж хамгийн түрүүнд хэдэн монгол сүмоч л ажилгүй болно биз дээ. Тэр дээд амжилтыг эвдэх гээд байсан гэдэг бол бүр худлаа, Дагвадорж маань 30 эсвэл 31 түрүүлчихээд байсан бол бас өөр хэрэг үнэхээр л шахаж хавчаад байсан бол өмнө нь алдаа гаргаж байхад нь аль хэдийн сүмогоос гаргачих байсан шүү дээ. Дагвадорж Монголчуудын бахархал мөн үү мөн. Үүнтэй бол хэн ч санал нийлнэ. Би ч гэсэн түүний эртэй, хурдтай, уран барилдааныг харах дуртай байсан. Харин Монголын бахархал хууль дүрэм биелүүлдэггүй байж болдогтой санал нийлэх хүн тийм ч олон биш байх гэж бодож байна.

Саяхан мөн л Монголчууд дээлээ өмсөхгүй л бол монгол хүн биш болох, Хятадууд дээлийг өөрсдийн нэр дээр бүртгүүлэх гэж байна гээд монгол дээлний тухай нэлээн шуугилаа. Гэтэл өмнө нь Хятадууд хөөмий, морин хуурыг өөрсдийн өв гээд бүртгүүлчихэж. Харин бид морин хуураа тоглосоор, хөөмийгөө хөөмийлсөөр л байна шүү дээ. Нэг талаас энэ нь байж боломгүй зүйл боловч нөгөө талаас нь аваад үзвэл Хятдад Монгол улсын хүн амаас илүү олон монголчууд амьдарч байхад тэднийг битгий хөөмийл, дээл өмсөж болохгүй, морин хуур , уртын дууг бүр хэрэглэж болохгүй гэж хэлэх эрх байхгүй биз дээ. Тэгээд ч тэр Юнескогын соёлын өвийг бүртгэх дүрэмд өөр улсынх байсан ч хамаагүй тухайн улсад өргөн тархсан л бол бүртгүүлж болно гэж заасан байдаг гэж Монгол дахь Юнескогын төлөөлөгч хэлсэн байна лээ.

Энд үндэснийхээ өв соёлыг үгүйсгээгүй бөгөөд аливаа зүйл харьцангуй гэдгийг л хэлэх гээд байна. Ингэхэд одоогийн бидний өмсөж байгаа дээл маань жинхэнэ Монгол дээл мөн үү биш үү, эртний болоод Чингис хааны зургаас харахад Монгол дээлний энгэр, зах лам дээл шиг л харагддаг юм байна лээ. Харин одоогийн дээлний энгэр, захыг манж дээлийнх гэж өмнө сонсож байсан санагдах юм. Бид дээлээ өмсдөгөөрөө өмсөөд л, хэрэглэдгээрээ хэргэлээд байж байхад хэн биднийг хятадын хувцас өмслөө, эд нар хятадууд байна гэж хэлэх юм бэ?

Монголчууд ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жил боллоо. Энэ хугацаанд бид юу хожив, алдав. Хожсон алдсаны тухай яриа нь бас л харьцангуй ойлголт л доо. Миний бодлоор алдсан гэхээсээ хийж болох өөрчлөлт шинэчлэлтийг их удаан хийж байна гэж үздэг. Бид ямар дэлхий дээр анх удаа ардчилсан тогтолцоонд шилжиж байгаа улс биш. Биднээс өмнө энэ тогтолцоог сонгоод авсан эсвэл бүр анхнаасаа ийм тогтолцоотой байсан улсуудын бэлэн жишээ байхад заавал тэдний туулсан болохгүй зүйлүүдийг нь давтаж туулах хэрэггүй юм л гэж бодож байна.

Одоогийн Монгол Улсын байгаа байдлыг шүүмжилж байгаа хүмүүс намайг оролцуулаад сүүлийн жилүүдэд ихээхэн олширч байгаа юм шиг санагдаж магадгүй юм. Нэмэгдэж ч байгаа байх. Энд хамгийн гол нь интернет орон зай хүмүүст ихээхэн боломж олгосон, бас хөгжилтэй орнуудад амьдарч ажиллагсад улам олон болсонтой холбоотой байх. Тухайн асуудлыг хөндөхдөө мэдээж өөрийн харж, ойлгож, мэдэрч байгаа талаас нь л бичиж байгаа хэрэг. Энэ нь мөн л харьцангуй асуудал. Гэтэл зарим нэгэн хүмүүс битгий Монголыг муулаад бай, муулж байгаа болгон хятад, өндөр хөгжилтэй оронтой Монголыг битгий зэрэгцүүлж адилтга эсвэл бүр бичиж байгаа сэдэвтэй нь холбоогүй тухайн хүнрүү нь хандаж гутаан доромжилж бичиж байнаа. Тэгэхээр тухайн шүүмжилж байгаа болон дэвшүүлж байгаа санаатай нь таны бодол нийлэх, нийлэхгүй нь ердөө л асуудлыг аль өнцгөөс нь харж байна гэдгээс л болж байгаа харьцангуй ойлголт юм.

Тиймээ аливаа зүйл харьцангуй.

2010 оны 3 дугаар сар 2

Зүйр үгийн тухай


Аливаа ард түмэнд зүйр үг буюу ардын үг гэж байдаг. Зүйр үг нь тухайн улс үндэстэний амьдралийн хэв маягаас урган гарсан хэдий ч бүгд л “Үнэн”-ий тухай, болох болохгүйн тухай, мөн ертөнцийг танин мэдэхээс эхлээд, гэр бүл, нийгэм болон хүмүүний харилцааны тухай өгүүлсэн байдаг. Хүний нийгэм өөрчлөгдөхийн хэрээр утга нь солигдмоор үгнүүд байхын зэрэгцээ танин мэдэхүй, шинжлэх ухаан хөгжсөнөөр зарим зүйр үгийг бараг хэрэглэж болохгүй болжээ. Утга нь өөрчлөгдөх ёстой үгнүүд нь өөрчлөгдөхгүй, өөрчлөгдмөөргүй үгнүүдийн утга алдагдчихсан байх юм. Тухайлбал:

Төрөөгүй хүүхдэд, Төмөр өлгий” гэдэг үгийг Монголчууд ямарваа нэг үйл явдал болохоос өмнө уг үйл явдлын үр дүнд зориулж ямар нэг зүйл бэлтгэхийг цээрлэж хэлдэг. Учир нь анагаах ухаан ер хөгжөөгүй урьд цагт төрхийн хүндрэлээс болж эх, хүүхдийн эндэгдэл их байсанаас болж уг зүйр үг үүсчээ. Хүүхэд эсэн мэнд төрөх магадлал маш бага байсан болохоор төрөх хүүхдэдээ юм бэлдэх нь утгагүй зүйл байх нь мэдээж шүү дээ.

Сэжгээр өвдөж, Сүжгээр эдгэдэг” энэ үг бас л анагаах ухаан хөгжөөгүй үед үүсчээ. Утгыг нь бодоод үзвэл ханиад хүрсэн хүнээс сэжэглэвэл ханиад хүрнэ, сэжиглэхгүй бол ханиад хүрэхгүй, ханиад хүрсэн тохиолдолд эдгэх байхаа гээд сүжиглээд, залбираад байвал эдгэнэ, харин сүсэглэхгүй бол эдгэхгүй гэсэн утгатай байна. Зүй нь бол харин ч ханиад(гахайн, шувууны, ямааны гэх мэт) хүрсэн хүнээс сэжиглэж холхон байж, өөрийгөө хамгаалбал ханиад хүрэхгүй бөгөөд ханиад хүрсэн тохиолдолд биеийн эсэргүүцлээ сайжруулж уураглаг, витаминлаг, илчлэг хоол хүнс, зөв эм тариа хэрэглэвэл өвчин хурдлан эдгэх биз ээ.

Өвчин хэлж ирдэггүй, Хийсэж ирдэг” энэ үгийг одоо үед “Өвчин хийсэж ирдэггүй, Хэлж ирдэг” гэвэл харин ч утга учиртай болох мэт. Учир нь хүн өвчлөх, өвдөх нь бусдаас халдварлах, хоол ундны зохисгүй хэрэглээ, бэртэл гэмтэл мөн ген буюу удамшлын шалтгаантай байдаг. Эдгээр шалтгаануудыг анзаарвал хүн өвчлөх, эс өвчлөх нь ерөнхийдөө тухайн хүнээс өөрөөс нь хамаарахаар байгаа болохоор өвчин хэлж ирдэг гэж хэлэх гээд байна л даа. Амьдралд хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Иймээс өвдсөн хойноо өвчин хийсэж ирдэгээ гээд сууж байх биш өвдөхгүйн тулд хичээх хэрэгтэй гэж бодож байна.

Ноёнтой сөргөлдвөл толгойгүй, Нохойтой сөргөлдвөл хормойгүй” гэдэг үг ардчилсан нийгэмд, “Хүн бүр шүүхийн өмнө тэгш байх” зарчимтай харшлах учиртай. Урьд цагт бол энэ үг яах аргагүй үнэн үг байсан ч өнөө үед өөрчлөгдөх эсвэл энэ үг утга учиргүй болох ёстой атал одоо ч амь бөхтэй оршсоор байгаа нь одоогийн тогтолцоо, хууль дүрэм нь шаардлага хангахгүй байгааг л харуулж байна.

Үнэнээр явбал, Үхэр тэргээр туулай гүйцнэ” энэ үг эцсийн дүндээ үнэн ялна гэсэн нэлээд гүн ухааны шинжтэй, шудрага ёсны тухай үг байх. Монголд яг одоо энэ үг шиг худлаа үг алга. Аль хамгийн их худлаа ярьж, хулгай хийсэн, их авилга авч чадсан нь л сайхан амьдарч байх шив дээ.

“Биеээ засаад гэрээ зас, Гэрээ засаад Төрөө зас” энэ үгийн утга ч одоо бол бүр алдагдсан шүү дээ. Төрийн түшээ болонгуутаа ард түмний мөнгөөр гэрээ тохижуулдаг, орон сууц авдаг, эсвэл орон сууцаар шагнуулдаг явдал бол Монголд жирийн үзэгдэл болсон. Дорнодоос сонгогдсон нэгэн гишүүн хотод орох оронгүй хүүхдийнхээ оюутаны байранд хоног төөрүүлээд хэцүү байгаа тул төсвийн мөнгөнөөр орон сууц авч өглөө гэж дуулдсан, сая л гэхэд Монголын хамгийн баян хүн ерөнхий сайд боллоо гэж гадаадын хэвлэлүүдээр бичигдэж байсан ерөнхий сайд маань 60 сая төгрөгөөр гэрийн тавилга авхуулсан тухай сонин дээр бичигдсэн байна. Ирэх оны төсөвт УИХ-ын гишүүдийн утасны сарын төлбөрт 120.000 төгрөг төлөвлөсөн гэсэн. Ядаж утасныхаа мөнгийг өөрөө төлдөг хүн төрд сонгох юмсан.

Уг нь бол манай ард түмэн “Идүүлсэн бут ургаж, Идсэн эрүү хувхайрна” гэж ярьдагсан. Гэтэл идсэн авилгачид улам баяжаад,таргалаад, ургаад л харин идүүлж байгаа ард түмэн маань улам ядуураад байх юм даа.

Олны үг ортой” за энэ үгийг ч ёстой хэлж мэдэхгүй юм аа. Банк ухахад оролцсон учир эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч гээд прокурор санал тавина гэдэг бол ямар ч байсан “но”-той л гэсэн үг. Гэтэл тэдгээр хүмүүс нь бүр дэвшээд сайд болж байх жишээтэй. Эсвэл авилгын загалмайлсан эцэг гээд яригдах мөртөө Монгол Улсын байж болох бүхий л дээд албан тушаалуудыг ээлж дараалан хашидаг зэргээс харвал энэ үг шиг худлаа үг алга даа.

2009 оны 12 дугаар сар 24