Харьцангуй


Харьцангуй гэдэг нь туйлын үнэн гэж байхгүй гэсэн утгагтай үг юм. Бас юм 2 талтай ч гэж ярьдаг. Учир нь асуудлыг нэг өнцгөөс харахад зөв мөртлөө өөр талаас нь харахад буруу байдаг. Тиймээс аливаа зүйлийн талаар ярьж үнэлэлт дүгнэлт өгөхдөө юутай харьцуулж байна вэ? гэдгийг нь сайтар тунгаах нь чухал юм. Тухайлбал явж байгаа автобусанд сандал дээр сууж байгаа хүнийг замтай харьцуулж харвал тухайн хүнийг хөдлөж байна гэж хэлнэ, учир нь хүн автобустайгаа хамт хөдлөж байна. Харин автобусны сандалтай харьцуулж харвал хүн хөдлөхгүй байна. Энэ тохиолдолд болж байгаа үйл явдлын талаар өөрөөр хэлбэл тухайн хүнийг хөдлөж байна гэж хэлэх нь ч зөв, хөдлөхгүй байна гэж хэлэх нь ч зөв, аль аль нь л зөв. Монголчууд нүдээр харсан нь үнэн, чихээр сонссон худал гэж ярьдаг, бүр үнэн худлын хооронд 4 хуруу зай бий ч гэж ярьдаг. Гэтэл дээрх жишээнээс харвал бүгдээрээ нэгэн зэрэг нүдээрээ харахад л тухайн үйл явдлыг өөр өөрөөр харж болох нь байна. Ийм болохоор аливаа зүйлийн талаар ярих, болж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө аль өнцгөөс нь харах вэ? гэдгээ эхэлж тодорхойлох нь хамгийн чухал асуудал болж байна.

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3 хоног гэдэг шиг одоо чимээгүй болсон байх шив дээ. Тэр үед үнэхээр Асашёорюүгийн фанатууд гэж байгаа бол юу ч хийж мэдэхээр мэдээнүүд цуварч байлаа. Монголчууд сүмо үзэхээ больё, 2 аваргын нулимсыг үзсэн муусайн япончууд, үзэх юмгүй болчихсон сөнөх гэж байхад нь Дагвадорж очиж японы сүмог аварсан, одоо сүмо нь үзэгчгүй болно, бүр барилдаж байгаа бүх сүмочид болон Японд амьдарч байгаа Монголчуудаа татъя, 32 түрүүлсэн дээд амжилтыг нь эвдэх гээд байсан болохоор албаар шахаж хавчлаа гэх мэтээр ярьж хэлж байгаа нэг хэсэг хүмүүс байхад нөгөө хэсэг нь усыг нь уусан бол ёсыг нь дагах ёстой, хууль дүрмийнхээ дагуу шийдэж байгаа нь зөв, өөрөө биеэ зөв авч явах ёстой байсан гэж ярьж хэлж байлаа.
Мэдээж хүмүүсийн санаа бодол ялгаатай байх нь ойлгомжтой боловч энд дээрх харьцангуйн тухай олголт бас гарч ирж байна. Өөрөөр хэлбэл шууд харахад дээрх 2 талцсан байдалтай байгаа хүмүүсийн аль альных нь зөв болно. Учир нь хууль дүрэм биелүүлдэггүй эсвэл мэдээлэл дутуу хүмүүсийн хувьд түүнийг өмөөрч байгаа нь зөв л хэрэг. Олонд нэртэй хүн хүн зодох, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах зэрэг үзэгдэл бол монголд хэвийн шахуу зүйл шүү дээ. Харин хууль дүрмийг сайтар биелүүлдэг, хүний эрх, эрх чөлөөний талаар ойлголт сайтай, мэдээлэлд илүү ойр байсан хүмүүсийн тухайд бол түүнийг өмөөрөх шаардлагагүй сүмогийн холбоо хууль дүрмийнхээ дагуу шийджээ гэж үзсэн байна.
Тэгэхээр энэ асуудлыг хэн ч байсан хууль дүрмээ биелүүлдэг байх нь зөв гэдэг талаас нь авч үзсэн нь дээр үү? эсвэл хууль дүрэм тэгш бус байх ёстой, олны танил болон мөнгөтэй хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс хүн хэд хэдэн удаа хууль дүрэм биелүүлэхгүй байж болно гэсэн талаас нь авч үзсэн нь дээр үү. Мэдээж бид хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байдаг тогтолцоог л хүсэж байгаа шүү дээ.

Дашрамд хэлэхэд 2.7 сая Монголчууд сүмо үзэхээ болиход Японы сүмод ямар ч өөрчлөлт гарахгүй шүү дээ. Бид ямар сүмог мөнгөөр үздэг биш. Өмнө нь бид сүмогийн барилдаан үзэх, сүмогоор барилдах нь бүү хэл сүмо гэж юу байдаг тухай сонссоо ч үгүй хэдэн мянган жил болсон хүмүүс. Монголчууд сүмо барилдахгүй бол хэнд ашиггүй байхав мэдээж хамгийн түрүүнд хэдэн монгол сүмоч л ажилгүй болно биз дээ. Тэр дээд амжилтыг эвдэх гээд байсан гэдэг бол бүр худлаа, Дагвадорж маань 30 эсвэл 31 түрүүлчихээд байсан бол бас өөр хэрэг үнэхээр л шахаж хавчаад байсан бол өмнө нь алдаа гаргаж байхад нь аль хэдийн сүмогоос гаргачих байсан шүү дээ. Дагвадорж Монголчуудын бахархал мөн үү мөн. Үүнтэй бол хэн ч санал нийлнэ. Би ч гэсэн түүний эртэй, хурдтай, уран барилдааныг харах дуртай байсан. Харин Монголын бахархал хууль дүрэм биелүүлдэггүй байж болдогтой санал нийлэх хүн тийм ч олон биш байх гэж бодож байна.

Саяхан мөн л Монголчууд дээлээ өмсөхгүй л бол монгол хүн биш болох, Хятадууд дээлийг өөрсдийн нэр дээр бүртгүүлэх гэж байна гээд монгол дээлний тухай нэлээн шуугилаа. Гэтэл өмнө нь Хятадууд хөөмий, морин хуурыг өөрсдийн өв гээд бүртгүүлчихэж. Харин бид морин хуураа тоглосоор, хөөмийгөө хөөмийлсөөр л байна шүү дээ. Нэг талаас энэ нь байж боломгүй зүйл боловч нөгөө талаас нь аваад үзвэл Хятдад Монгол улсын хүн амаас илүү олон монголчууд амьдарч байхад тэднийг битгий хөөмийл, дээл өмсөж болохгүй, морин хуур , уртын дууг бүр хэрэглэж болохгүй гэж хэлэх эрх байхгүй биз дээ. Тэгээд ч тэр Юнескогын соёлын өвийг бүртгэх дүрэмд өөр улсынх байсан ч хамаагүй тухайн улсад өргөн тархсан л бол бүртгүүлж болно гэж заасан байдаг гэж Монгол дахь Юнескогын төлөөлөгч хэлсэн байна лээ.

Энд үндэснийхээ өв соёлыг үгүйсгээгүй бөгөөд аливаа зүйл харьцангуй гэдгийг л хэлэх гээд байна. Ингэхэд одоогийн бидний өмсөж байгаа дээл маань жинхэнэ Монгол дээл мөн үү биш үү, эртний болоод Чингис хааны зургаас харахад Монгол дээлний энгэр, зах лам дээл шиг л харагддаг юм байна лээ. Харин одоогийн дээлний энгэр, захыг манж дээлийнх гэж өмнө сонсож байсан санагдах юм. Бид дээлээ өмсдөгөөрөө өмсөөд л, хэрэглэдгээрээ хэргэлээд байж байхад хэн биднийг хятадын хувцас өмслөө, эд нар хятадууд байна гэж хэлэх юм бэ?

Монголчууд ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жил боллоо. Энэ хугацаанд бид юу хожив, алдав. Хожсон алдсаны тухай яриа нь бас л харьцангуй ойлголт л доо. Миний бодлоор алдсан гэхээсээ хийж болох өөрчлөлт шинэчлэлтийг их удаан хийж байна гэж үздэг. Бид ямар дэлхий дээр анх удаа ардчилсан тогтолцоонд шилжиж байгаа улс биш. Биднээс өмнө энэ тогтолцоог сонгоод авсан эсвэл бүр анхнаасаа ийм тогтолцоотой байсан улсуудын бэлэн жишээ байхад заавал тэдний туулсан болохгүй зүйлүүдийг нь давтаж туулах хэрэггүй юм л гэж бодож байна.

Одоогийн Монгол Улсын байгаа байдлыг шүүмжилж байгаа хүмүүс намайг оролцуулаад сүүлийн жилүүдэд ихээхэн олширч байгаа юм шиг санагдаж магадгүй юм. Нэмэгдэж ч байгаа байх. Энд хамгийн гол нь интернет орон зай хүмүүст ихээхэн боломж олгосон, бас хөгжилтэй орнуудад амьдарч ажиллагсад улам олон болсонтой холбоотой байх. Тухайн асуудлыг хөндөхдөө мэдээж өөрийн харж, ойлгож, мэдэрч байгаа талаас нь л бичиж байгаа хэрэг. Энэ нь мөн л харьцангуй асуудал. Гэтэл зарим нэгэн хүмүүс битгий Монголыг муулаад бай, муулж байгаа болгон хятад, өндөр хөгжилтэй оронтой Монголыг битгий зэрэгцүүлж адилтга эсвэл бүр бичиж байгаа сэдэвтэй нь холбоогүй тухайн хүнрүү нь хандаж гутаан доромжилж бичиж байнаа. Тэгэхээр тухайн шүүмжилж байгаа болон дэвшүүлж байгаа санаатай нь таны бодол нийлэх, нийлэхгүй нь ердөө л асуудлыг аль өнцгөөс нь харж байна гэдгээс л болж байгаа харьцангуй ойлголт юм.

Тиймээ аливаа зүйл харьцангуй.

2010 оны 3 дугаар сар 2

No comments:

Post a Comment