Сая Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгал ялсаны 88 жил, Ардчилсан ерөнхийлөгчтэй болсоны Анхны жилийнхээ ойг улс даяараа сайхан тэмдэглэж өнгөрүүллээ гэж сонин, сэтгүүл, цахим хуудсууд дээр мэдээлжээ. Мэдээлэх ч яахав харин сэтгэгдэл бичигчдийн ихэнх нь наадам үзэх зүйлгүй, ялангуяа бөхийн барилдаан шудрага бус болсон, Өсөхбаяр их азтай, шоо нь дандаа Өсөхбаярын талд бууж байсан, бүр Өсөхбаярыг Азтайбаяр, Шообаяр гэж нэрлэе гэсэн байх юм. Наадмын морины уралдаан, сурын харваа ямархуу болж өнгөрсөнийг сайн мэдсэнгүй. Угаасаа үзэж харах юмгүй болохоор бараг сонирхдоггүй юм.
Сурын харваа нь олны нүдэн дээр өөрөө харвадаг, түрүүлэх эсэх нь зөвхөн өөрөөсөө шалтгаалдаг болохоор нэг их найраа энэ тэр байдаггүй юм уу, эсвэл чи энэ жил 39 оноодхойрой хө, би 40 оноод нэг аваргалаадхая гэсэн яриа байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ямар ч байсан сурын харвааны найраа гэж сонссонгүй.
Хурдан морины хувьд бол хаа ч гардаг булхай бол гарааны газраа хүрэлгүйгээр дутуу эргэх. Уг нь дутуу эргэх хүсэл ямарч хүүхдэд байхгүй байлтай, Гэтэл зарим уяач нар яг уралдуулах зорилгоор 4-5 морь, аа харин дутуу эргүүлэх, гараа сайтай мориор өрсөлдөгчийхөө морийг сунгах, хүүхдийг нь унагаах гэх мэт зорилгоор нэг насанд хэтэрхий олон морь(жишээ нь их насанд 30 гаруй морь уяж байсан тохиолдолыг харж байсан) уядаг гэж байгаа. Сүүлийн үед гарааны зурхай дээрээ бүртгэдэг болсоноос хойш дутуу эргэх асуудал шийдэгдсэн байх. Тэгэхээр наадмын үнэ цэнийг унагааж байгаа гол буруутан нь хүчит бөхийн барилдаан болж байх шив дээ. Хүч нь хүрэхгүй, өөрийнхөө чадлаар цол авч дийлэхгүй, найраагаар цол аваад байгаа болохоор хүчит бөхийн барилдаан гэж нэрлэх нь хүртэл утгагүй болж байх шиг. Бөхийн барилдааныг уйтгартай, үзүүшгүй болгож байгаа гол зүйл бол цолны найраа гэгч бөгөөд түүнийг багасгах, арилгахын тулд 4, 6-ийн давааг оноолтоор барилдуулах, мөн хурдан барилдуулахын тулд даваа бүрийг хугацаатай болгоод хугацаандаа хаялцахгүй бол барьц сонгуулдаг дүрэмтэй болсон явдал юм. Ингээд дүрмийн дагуу барилдсан бөх нь бүр буруутай олон түмэнд нэр хүндгүй болж байх шив. Найраагаар 5 давж начин болсон хүнд Ерөнхийлөгч зарлиг гаргаж цол олгож байгаа нь өнөө шудрага хууль ёсондоо хэр зохицдог юм бол.
Ер нь наадам гэдэг маань нийт Монголчуудын баяр уу? эсвэл цөөн хэдэн харваач, уяач, бөхчүүдийн баяр уу? Бодвоос нийт Монголчуудын баяр баймаар. Иймээс Улсын наадмаа(дэлхийд ганц, дэнж хотойтол нааддаг!!!!!...) орчин үедээ зохицуулж өөрчлөхгүй бол анхныхаа хэлбэрээс бараг өөрчлөгдөхгүй өдий хүрсэн нь олон түмэнд сонирхолгүй болж байгаагын үндсэн шалтгаан гэж бодож байна. Наадмаа хэрхэн өөрчлөх вэ? Ийм нэг санал байна.
Сурын харваа: Сурын харвааг морин дээрээс хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй бай онодог төрөл нэмбэл илүү сонирхолтой болох болов уу? Зөвхөн сурын талбайд харвах биш бөхийн барилдааны завсраар Төв цэнгэлдэхэд сүүлийн шигшээ харваагаа хийдэг бол наадамчин олонд үзүүштэй сонирхууштай байх гэж бодож байна.
Морины уралдаан: Хүмүүс зөвхөн барианы хэдхээн метрт эцчихсэн, цогиж орж ирж байгаа морьдыг харах нь үнэхээр чамлалттай санагддаг юм. Тэр морьдууд замдаа хэрхэн уралдаж байгаа нь бүү мэд. Сүүлийн үед морины уралдаан биш морь болон машины уралдаан болж байх шив дээ. Бүр сүүлдээ өнөө жийпнүүддээ зориулж хар зам тавих яриа ч гарч байх шиг. Ер нь 5хан(айргын тав) байрны төлөө 1000 дөхсөн морьд уралдаад байдаг нь үнэхээр утгагүй биш үү. Үнэхээр л наадамчидад морины уралдаан узүүлье гэж бодож байвал 5км орчим урттай тойрог хэлбэрийн зам байгуулаад түүнийгээ тойруулаад хэд хэдэн газар нь үзэгчдэд зориулсан суудал болон үйлчилгээний цэгүүд бий болговол зүгээр санагдах юм. Хамгийн гол нь 1000 морь биш шилдэг 20-30 морийг энэ тойрог замаараа уралдуухад үзүүштэй, булхайгүй сайхан уралдаан болно гэж бодож байна.. Улаанбаатарт ойрхон хэдэн газрын морьд биш аймгуудад түрүүлсэн болон улсын айргын таван морьдыг хойтонгийн наадамд уралдуулдаг байж болох биш үү.
Бөхийн барилдаан: Хүмүүс наадмын бөхийн барилдаанаас Аварга, арслан, заанууд хоорондоо хэрхэн барилдаж хэн нь түрүүлэхийг мөн найраагаар биш хүчээрээ цол авахыг л, үзэхийг хүсдэг шүү дээ. Тиймээс Аварга, Арслан, Гарьд, Заан, Харцага, Начин, Аймгийн арслангууд нь зөвхөн хоорондоо барилдаад тус бүрээс түрүүлж үзүүрлэсэн 2 бөх, өмнөх жилийн үзүүр түрүүний 2 бөхтэй нийлээд 16 шилдэг бөх тойргоор барилдаж үзүүр түрүүгээ тодруулдаг бол өнөө найраа ор мөргүй алга болж, үзэгчдийн хүсдэг сайхан барилдаан гарах байх гэж бодож байна. Цолны хувьд тухайн цолтнуудын барилдаанд түрүүлсэн нь дээд цолоо авдаг байж болно шүү дээ. Тухайлбал Аймгийн арслануудын барилдаанд түрүүлсэн нь Улсын начин цол, Улсын начингуудын барилдаанд түрүүлсэн нь Улсын харцага цол гэх мэт.
Энэ бүтэхгүй санаа байж болох ч, Та бүхэнд өөр санаа байгаа бол хуваалцаарай.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй,
Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ.
2009 оны 7 сарын 19
naadam bol undesni geh bayaruudaas hamgiin muuhai bayar ni. ajiliin odruuded ene bayar bolvol harin heden odor gertee amrah yumdaa.
ReplyDeleteДажгүй санаанууд байна аа. Гэхдээ ч манайхан ийм болтол хөгжүүлтэлээ наян жил дөө.
ReplyDeleteКака Болороо