Showing posts with label Боловсрол. Show all posts
Showing posts with label Боловсрол. Show all posts

Туршилтиин бичлэг

           Монголчууд маани Уигар үсэг авч хэрэглэж бичиг үсэгтэи болсоноос хоиш даруи хэдэн зуунииг үджээ. Түүхиин явцад хэд хэдэн бичиг үсэг шинээр(дөрвөлжин үсэг, соёмбо үсэг) зохиогдсон ч ниитээр тархаж хэвшиж чадалгүи 21-р зуунд социализм баигуулах явцдаа кирилл үсгииг авч хэрэглэн ниитээрээ бичиг үсэгтэи болж Юнескогоос батламж хүртэл авч баиж.

           Хэдиигээр бид кирилл үсгииг хэрэглэж, монгол хэлээрээ ярилцаж оилголцож баигаа ч гэсэн 13-р зуунд эргэн очиод Чингис хаантаи ярилцах завшаан тохиолдвол оилголцож чадах эсэх ни нэн эргэлзээтэи. Тэр бүү хэл одоо минии хувид Увс, Ховдод очоод хөгшчүүлтэи ни бараг л оилголцохгүи баихаа даа.

            Аливаа бичиг үсэг ни тухаин хүмүүс хоорондиин авиан харилцааг цаасан дээр буулгаж баигаа тэмдэглэгээ бөгөөд хэл ни баинга хувисаж өөрчлөгдсөөр ирж. Зарим хэлэнд зарим үсэг ор тас алга. Өөрөөр хэлбэл зарим авиаг огт гаргахгүигээр хоорондоо харилцаж болоод баина л даа. Жишээ ни: Япон хэлэнд Л, Ө, У үсэг алга, Орос хэлэнд Ө, Ү баидаггүи, Араб хэлэнд Ч үсэг баидаггүигээс Чингис хаании нэрииг Жингис гэж бичсэнээр одоо хүртэл баруунии улс орнууд Жингис хаан гэж дуудаж бичсээр л баина. Гэтэл монгол хэлэнд маани хэрэглэе гэхнээ хэрэглээ баихгүи Щ үсэг, хэрэглээ багатаи илүүц шахуу бусад үсгүүдээр орлуулж болох мөн ямар нэг авиа тэмдэглэдэггүи Ь, Ъ, Ы, Й гэсэн үсгүүд баина...

Монголын боловсролын үнэ цэнэ (төгсгөл)


Боловсрол гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ? Боловсролтой хүн гэж чухам ямар хүнийг ойлгох вэ? Боловсрох, боловсролтой, боловсорсон гэх зэрэг үгнүүдийн үндэс нь ижил учир Боловсорсон жимс(бүрэн)-ний тухай төсөөлбөл түүний амт чанар, өнгө үзэмж нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Энэ буруу зүйрлэл байж болох ч боловсролтой хүн гэдэг бол боловсорсон жимс лугаа адил хүн байх нь. Тиймээс боловсролтой хүн гэдэг нь өргөн мэдлэг, өндөр соёл, зөв ёс суртахуунтай, бие бялдар эрүүл тэгш хүн буюу жентелменийг л хэлээд байх шиг. Локк, Руссо нарын эртний сурган хүмүүжүүлэгчид жентелмений гэр бүлээс л жентелмен төрнө гэж үзэж байжээ. Энэ нь хэдийгээр үнэний хувьтай боловч нийт хүн амын хувьд боломжгүй зүйл аж.

Хүн бүр жентелмен эсвэл математикч, физикч, химич, биологч, тамирчин болох албагүй харин сайн эцэг эх, зөв хүмүүжилтэй бие хүн болох ёстой. Тэгвэл аливаа хувь хүн боловсролын системийн бүхий л шатыг дамжсаны эцэст боловсролтой бие хүн болох уу? Мэдээж үгүй. Гэхдээ хувь хүн, бие хүн болон төлөвшихөд удам угсаа, өссөн орчин, хоол хүнс, суралцсан сургууль, хичээл заалгасан багш гэх мэт олон хүчин зүйлүүдээс шалгаалах нь тодорхой боловч эдгээрээс боловсролын систем чухал байр суурь эзлэх нь дамжиггүй. Гэтэл Монголын боловсролын систем хувьд хүний бие хүн болон төлөвшдөг хамгийн чухал үе болох “дунд сургууль” нь хүн бүрийг математикч, физикч, химич, биологч, тамирчин болгох гээд байн уу гэмээр. Соёл болон ёс суртахууны хичээл ер ордоггүй нь ингэж бодоход хүргэж байна л даа. Байшин барихад суурь хамгийн чухал гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Мэргэжлийн сургууль болон Их дээд сургуульд боловсрол гэхээсээ илүү мэргэжил, мэргэшил олгодог шүү дээ. Их дээд сургуулиуд ийм мэргэжилтэн, тийм мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ гэхээс биш тийм боловсролтой хүн бэлтгэнэ гэдэггүй. Гэтэл ямар нэгэн их дээд сургууль төгссөн л бол дээд мэргэжилтэй бус дээд боловсролтой болдог гэсэн андуу ташаа ойлголттой хүмүүс байх шиг. Хэд хэдэн оронд, хэд хэдэн их дээд сургууль төгссөн хүмүүс “гэмт хэрэг” хийж байгаа нь тэр хүн дээд мэргэжилтэй, мэргэшилтэй болсон уу, боловсролтой болсон уу гэдгийн хамгийн энгийн хариу юм. Тэгэхээр боловсрол гэдэг нь мэдлэгээс илүү өргөн хүрээтэй бөгөөд ялгаатай гэдэг нь харагдаж байна.

Бид хэдийгээр социализмийн үеэс үлдсэн сургалтын системээр олон талын мэдлэг олж авч байгаа ч яг нэг чиглэлээр эцэст нь хүртэл суралцсан уу, чадваржсан уу гэдэг нь бодох л асуудал. Одоогийн Монголын боловсролын систем нь өнгөрсөн зуунуудынхтай харьцуулашгүй дээшлэсэн нь үнэн боловч орчин үеийн шаардлагад нийцэж байна уу, үгүй юу?

Монголын их дээд сургуулийн дипломыг дэлхий хүлээн зөвшөөрдөг үү, Монголын их дээд сургуулиудаас, Дэлхийн биш шүү, Азийн эхний 100 дотор биш юмаа гэхэд ядаж Азийн ретингд орсон сургууль байхгүй байгаа нь манай боловсролын систем нэг л биш гэдэг нь харагдах байх.

Улс оронд маань болоод байгаа буурангуй явдлууд нь хэдийгээр ядуугаас шалтгаалж байгаа боловч боловсролын системээс ихээхэн шалтгаалж байгаа гэж бодож байна.

Зүйрлэвэл хэдийгээр би өөрийн идсэн хоолоо муулж байгаа боловч үр хүүхэд, хойч үедээ муу хоол идүүлэхгүй юмсан гэдэг үүднээс мөн зүгээр нэг хараад эсвэл хэн нэгэн засаж сайжруулахыг хүлээж суух биш тал талаас нь ярилцаж улмаар түүнийгээ ажил хэрэг болгох юмсан гэдэг үүднээс өөрийн санаагаа бичсэн болно.

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй,
Бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ.

2007 оны 7 сарын 28

Монголын боловсролын үнэ цэнэ-4


Монголын боловсролын системийн сүүлчийн шат болох магистр, доктор(Ph.D)-ын сургалт гэж нэг асуудал байна аа. Магистр нь бараг л бакалаврын сургалт шиг хэн дуртай нь элсээд л, төгсөөд л их дээд сургуулиудын бизнесийн нэгээхэн хэсэг болчихсон. Аа харин доктор нь мөнгөгүй хүн хамгаалахад нэлээн төвөгтэй, мөнгөтэй хүнд бол маш амархан зүйл болж хувирчээ. Энд зөвхөн хамгаалах гэдэг үгийг нь л онцолж байна. Доктор хамгаалахад заавал ямар нэг шинэ нээлт хийж байж л хамгаалдаг гэж байгаа. За магистр ч бас адилхан л даа. Гэтэл энэ олон докторууд байнаа гэдэг чинь төдий тооны шинэ нээлтүүд хийсэн гэсэн үг шүү дээ. Ийм олноороо шинэ нээлт хийгээд байхад Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа нь сонирхолтой биш гэж үү. Яагаад?

Доктор гэдэг нэр нь л хэрэгтэй болохоос ямар сэдвээр, яаж хамгаалах гэдэг нь чухал биш болсон байна. Ялангуяа социализмийн үед социализм, комминиузмаар доктор хамгаалсан хүмүүс, одоо тэр социализм, комминиузм нь сөнөчихөөд байхад л харин ч түүнийгээ хээв нэг ашиглаад л байх юм. Бүр сүүлдээ гадаадаас доктор гэсэн диплом худалдаад аваад ирдэг нь жирийн үзэгдэл болж дээ.

Энэхүү байдал нь Монголд Шинжлэх ухаан нь үйлвэрлэлээсээ (онол практикийн зөрөө) хэр зэрэг хол байгааг л харуулж байна. Тухайлбал ХААИС-тай байхад л газар тариалангийн салбар нь элгээрээ хэвтчихсэн, 40 сая малынх нь ихэнх нь ямаа байдаг, ШУТИС гэж байхад Монголд ямар нэгэн шинэ технологи бий болоогүй бөгөөд машинтай холбоотой нэг ч үйлвэр цехгүй байж л бөөн автомашины инженерүүд бэлдээд байдаг, ЭМШУИС гэж байхад л ерөнхийлөгч, ерөнхий сайдаасаа эхлээд л өвчтөнүүд нь гадаад уруу цувчихдаг нь бүр сонирхолтой бөгөөд эмгэнэлтэй биш үү.

Мөн ШУА гэж байгууллага уг нь байна аа. Тэр нь сонин сэтгүүлд бичсэнээр нэг аймгийн хүмүүсээр дүүрсэн л гэж дуулдах юм. Монголын нэг аймагт зориулсан байгууллага биш л байлтай. Эдгээрээс гадна ШУА-ын харъяа хүрээлэнгүүдийг энд яриад ч хэрэггүй л дээ. Орчин үед шинжлэх ухааны үндэсгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг нь сохор хүн машин барихтай л нэлээн төсөөтэй болов уу даа. Иймээс энэ ШУА-аа их сургуулиудтай болон үйлдвэрлэгч компаниудтай холбож шинжилгээ судалгаа хийдэг болгомоор юм. Өөрөөр хэлбэл эрдэмтэд нь үйлдвэрлэгчийн захиалгаар шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийн судалгаа хийдэг, үйлдвэрлэгчид нь эрдэмтэдийнхээ гаргасан технолгийн дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Тэгвэл аль алиндаа ашигтай бөгөөд нэг нь санхүүжилттэй, нөгөө нь шинэ технологи, шинэ санаатай болно мөн үр дүнд нь Монгол улс, Монгол хүн л хожино шүү дээ.

Ингэж нэг нь доктор нэр зүүж, нөгөө хэсэг нь доктор болгож, бүр нөгөө хэсэг нь тэрэнд үнэмшиж, бас нэг хэсэг нь түүнийг нь үнэлээд байх хэрэг байгаа юм болов уу даа.

2007 оны 7 сарын 24


Монголын боловсролын үнэ цэнэ-3


Тоо чухал уу?, чанар чухал уу? Ингэж асуухын шалтгаан нь Монголын их, дээд сургуулиуд юм. Одоогоор Монголын 200 орчим их дээд сургуулийн ихэнх нь нийгмийн чиглэлийн хөрөнгө бага шаарддаг сургуулиуд байгаа нь дээд сургуулиар мөнгө олох гэсэн хүмүүсийн санаа ч юм шиг. Нийт их дээд сургуулийн хугас(1/4) нь 200 хүрэхгүй оюутантай(100 хүрэхгүй оюутантай дээд сургууль 15 байгаа гэнэ. 2008 оны байдлаар) бөгөөд эдгээр сургуулийг их дээд сургууль гэж хэлэхэд нэн бэрхтэй. 4 курс, хэд хэдэн ангид хуваагдах гээд бодвол бүр ч аймаар. Бас өөрсдийн байргүй, гадаа жорлонтой, бүр дээд сургуулийн эрхгүй мөртлөө 14 хүүхэд элсүүлчихсэн хичээллэж байсан дээд сургууль ч байх. Зарим нь оюутангүй шахам байхад зарим нь хэтэрхий олон оюутантай ч байх. Нэг ангид хэтэрхий олон оюутан хичээллэхэд нөхцөл бололцоо нь юу болох билээ дээ. Математик, Физикийн хичээлийг 100 гаас дээш оюутантай хичээллэвэл үр дүн нь ямар байхыг бодохын ч хэрэг байхгүй л дээ.

Хамгийн шог нь юу вэ гэхээр өнөө хэдэн их дээд сургуулиуд нь төрөл бүрийн анги нээчихсэн. ЭМШУИС-д мэдээлэл зүйн анги, ШУТИС-д бол Эх баригчын ангиас бараг бусад нь бүр цаашилбал ХААИС-д математик-мэдээлэл зүйн багшийн анги байна гээд нэг бодоод үз дээ. Ингэж их дээд сургууль олон анги нээдэгийн шалтгаан бол ердөө л олон оюутан элсүүлж төлбөрийг нь хурааж авах. Тэгээд 4 жилийн дараа нэг бакалавр гэсэн бичигтэй хэн ч дуурайлгаад хийчихээр нэг хавтас өгч байгаа нь аятайхан бизнес бусуу. Өнөө хавтас нь за да бараг л хэрэггүй шахуу эд дээ. Тухайлбал Их дээд сургуульд сурах нь хэрэггүй, зөвхөн хавтас нь л хэрэгтэй гэдгийг яруу тодоор харуулсан хүн бол нийслэлийн авто замын газрын дарга асан Бат-Эрдэнэ гэдэг нөхөр байх шив дээ.

Төрийн өмчит л юм бол энэ хэдэн их дээд сургуулиудаа төрийн хэмжээнд бодлогыг нь боловсруулж барьдаг баймаар. Хэдэн их дээд сургуулиудын захирал нэр зүүсэн хэдэн гаруудаар Монголын дээд боловсролыг тоглуулмааргүй л байх юм. Одоогийн Монголын дээд боловсролын төлөв байдал нь XVI зууны үеийн Манжид дагаар орж, эзлэгдэхийн өмнөх үеийн хэдэн хэсэгт хуваагдсан, хэнийгээ ч хүлээн зөвшөөрдөггүй Монгол шиг л байнуудаа гэмээр.

Угтаа бол Боловсрол, Мэдлэг 2 тусдаа асуудлууд биз дээ. Ямар сайндаа Харвардын комминуст гэсэн хэллэг хүртэл гарч байх вэ дэ. Иймээс Төрийн өмчийн их дээд сургуулиудыг бүгдийг нь нийлүүлж Монгол Улсын Үндэсний Их Сургууль гэсэн нэрэн доор оруулмаар байх юм. Ингэвэл мөн ч олон асуудлууд шийдэгдэнэ гэж бодож байна.
Энгийнээс нь тоочвол сургууль бүрт байх давхардсан ангиуд нэг мөр шийдэгдэнэ, багшлах боловсон хүчний чанар чадвар сайжирна, хамгийн гол нь төгссөн мэргэжилтэн нь гадаадад хүлээн зөвшөөрөгдөх эхлэл болно шүү дээ.

Хэрвээ төгссөн мэргэжилтэн нь чадварлаг, ядаж л Азийн рейтингд орчихвол Гадаадаас Монголд ирж суралцагчид ч бий болох ч юм билүү. Гадаад оюутнууд олноороо ирж суралцвал Улс орны эдийн засагт ч хичнээн хэрэгтэй билээ.

Ингэхэд энэ Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам гэдэг байгууллага ер нь юу хийдэг юм бол оо. Уг нь Монгол Улсын боловсролын бодлогыг боловсруулдаг газар баймаар, Улсын төсвийн ихэнхийг залгидаг Яам л гэх юм билээ.

Үргэлжлэл бий.
2009 оны 7 дугаар сарын 19

Монголын боловсролын үнэ цэнэ-2


Монголд өчигдөр, өнөөдөр их дээд сургуулийн элсэлт орон даяар явагдаад өнгөрлөө. Элсэлт ч юу байхав төгсөгчдөөсөө олон орон тоотой болохоор хуваарьгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй л дээ. Одоогийн Монголын их дээд сургуулиуд үнэн чанартаа “Насанд хүрэгчдийн цэцэрлэг” болж хувирсан шүү дээ.

Их дээд сургууль төгслөө гэхэд өнөө ажлын байр гэдэг асуудал юу билээ. Улс оронд хөдөлмөрийн хуваарь гэдэг юм байхгүй болохоор нөгөө автобус нэг талдаа гарчихсан гэдэг шиг юм болчихоод байна. Хүн бүр их дээд сургууль төгсөөд хар ажил хийх хүн Монголд маань байхгүй болжээ. Үүний хамгийн тод жишээ бол хятад барилгачид. Монголд барилга дээр ажиллах хүн байхгүй(их дээд сургууль төгсчихөөд барилга дээр ажиллавал ёстой нөгөө онигоо гэдэг нь болох байлгүй тийм ээ?....) мөн хулгай хийдэг, шийдвэр гаргачдын харалган бодлогоос улбаалаад хөдөлмөрийн зах зээлээ хятадуудад алдчихсан байх шив дээ.

Би өмнө нь хуулийн сургуулийн төлбөрийг өндөр болгоё гэж бичиж байсан. Гэхдээ дан ганц хууль биш бүхий л их дээд сургуулийн төлбөрийг өндөрсгөх шаардалагтай гэж бодож байна. Монголын боловсрол үнэгүйдэж байгаагын нэг шалтгаан нь бага төлбөр юм. Хуучин ерөнхийлөгч маань сонгуульд нахихдаа Их дээд сургуулийн төлбөрийг үнэгүй болгоно гээд бүр баллах шахав шив. Бурхан биднийг харав уу?, Монголчууд зөв сонголт хийв үү?
Их дээд сургуулийн төлбөр өндөр байвал багш нарынх нь цалин нэмэгдэнэ, мөн нэг ангид хичээллэх оюутаны тоо цөөрч сургалтын чанар сайжирна, сургалтын материаллаг бааз хурдан шинэчлэгдэнэ гээд олон эерэг талууд бий бөгөөд хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхэдээ төрүүлсэнээс эхлээд л хүүхдийнхээ ирээдүйд анхаарал тавьж эхлэнэ шүү дээ. Хүүхдээ дунд сургуульд ороход л ирээдүйн тухай бодож аль хичээлийг түлхүү үзүүлэхэв, ямар дунд сургуульд оруулахав, бүрэн дунд сургууль төгсөхөд нь их дээд сургуульд оруулах уу үгүй юу, оруулахаар бол төлбөрийг нь яаж шийдэхэв, одооноос хураах уу гэх мэтчилэн бодож эхлэх байх.
Одоо бол Монголчууд хүүхдээ 11-р анги төгсөх үед нь л гэнэт ухаан ороод манай хүүхэд аль хичээлдээ сайн билээ, юуны ангид элсүүлэхэв, аль сургуульд оруулахав, аль сургуульд ямар таньдаг хүн байна гээд хайгаад эхлэнэ шүү дээ. Энэ байдал чинь өнөө авилгын нэг хэлбэр бусуу.

Сургалтын төлбөрийг өндөрсгөхийн зэрэгцээ сайн сурлагатай оюутнуудыг дэмжиж "сургалтын төлбөр+амьжиргааны зардал" гэсэн тэтгэлэгийг Засгийн газраас олгох нь зөв гэж бодож байна.

Мөн одоогийн энэ элсэлтийн шалгалтыг Улсын шалгалттай нь хамтатгаж авбал цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх нь ойлгомжтой билээ. Одоогийн энэ босго оноог сургууль бүр тогтоодогыг болиулж боловсролын яамнаас 560 онооноос дээш тогтоох хэрэгтэй байна. Учир нь одоогийн 800 онооны 200 нь суурь оноо гэсэн шалгалтад орсон л бол юу ч хийгээгүй байхад авах оноо бөгөөд үлдсэн 600 онооны 60 хувь болох 360 оноо, өнөө сул 200 оноотой нийлээд 560 болж байаа юм. Ингэснээр чанаргүй хувийн сургуулиуд эрс багасах нь дамжиггүй. Ингэж их дээд сургуульд элсэх босго оноог өндрөөр тогтоож өгсөнөөр мэргэжлийн сургуулиуд оюутантай болж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр тогтох боломж бүрдэнэ гэж бодож байна.

Боловсролын салбарыг өөрчлөхөд дан ганц их дээд сургуулийн төлбөрийг өндөрсгөсөнөөр шийдэхгүй нь ойлгомжтой бөгөөд өөр олон асуудлыг шийдэх ёстой.

Үргэлжлэл бий.

2009 оны 7 дугаар сарын 2


Монголын боловсролын үнэ цэнэ-1


Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээр олж авсан нь алдсанаасаа их үү бага уу? Их ч байж магадгүй бага ч байж магадгүй. Асуудлыг аль өнцгөөс харж байна вэ? Гэдгээсээ шалтгаалах байх. Тухайлбал Боловсролын хувьд өмнөх зууныхаа боловсролтой харьцуулбал маш их дэвшсэн ч юм шиг, гэтэл одоогийн боловсролын байдалаа бусад улстай харьцуулбал алдсан ч юм шиг. Бид боловсролын хувьд алдсан уу?, оносон уу?

Боловсрол гэж юу вэ? Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэдэг нь бас харьцангуй ойлголт болохоор боловсрол, боловсролын систем гэдэг нь ч бас харьцангуй ойлголт л доо. Нэрт нийтлэлч Баабар гуай энэ талаар УИХ-ын гишүүн, өөрийх нь яриагаар бараг л Монголын уртаашаа ганц хуульч болох Нямдорж гуайн хэр боловсролтой болох талаар хэдэнтээ бичсэн бөгөөд бүр шүүхэд дуудагдаж байсан удаатай.

Хуучин системийн үед Манай Улсын Боловсролын систем нь хүн бүхнийг математикч, түүхч, химич, физикч болгох зорилготой гэмээр байлаа. Гэтэл хүн бүр эрдэмтэн болох албагүй харин “Хүн бүр сайн ээж, сайн аав, зөв иргэн” болох ёстой байдаг. Эндээс л Монголын боловсролын системийн гажиг харагдаж эхэлж байна даа. Хуучин системээс шинэ системд шилжихэд шинэчлэгдээгүй үлдсэн салбаруудын нэг нь яах аргагүй Боловсролын салбар юм.

Багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалтад шилжлээ л гэсэн. Мөн дунд сургуулиудыг цогцолбор сургууль болгож өөрчилсөн. Бүрэн дунд сургуульд 10 жил сурдаг байсанаа 11 жил болгосон, одоо 12 болох гэж байна. Бусад орны боловсролын системийн гадна талыг л дуурайгаад байхаас доторх агуулгыг нь ер харахгүй байна уу даа гэж бодмоор.
Одоогийн энэ ангиар сургадаг системийг анх бодож олсон Я.А.Каменский гэдэг сурган хүмүүжүүлэгч “Сэтгэхүйн хувьд ижил түвшинтэй хүүхдүүдийг нэг анги” болгож хичээл заавал үр дүнтэй гэж үзэж байжээ. Гэтэл тэр нь одоо Монголд “нас ижил хүүхдүүд нэг анги”д хичээллэдэг болж өөрчлөгджээ. Хуучин тогтолцооны үед улираадаг байсан ч тэр нь доод ангийнхантайгаа ижил түвшинтэй, ойролцоо сэтгэлгээтэй гэсэн үг биш шүү дээ. Энэ нь бүр ч тухайн хүндээ доромж маягийн зүйл болдог байсан даа. Хавар анги төгсөхөд нь авдаг улсын шалгалтын дүнгээр намар дахин анги хувиарладаг бол хичээлийн үр өгөөж хэрхэн дээшлэх нь тодорхой. Хичээлийн 40хөн минутад янз бүрийн түвшинтэй хүүхдүүдэд хичээл заана гэдэг багшийн хувьд ч, хүүхдүүдийн хувьд ч төвөгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл шүү дээ.

Сая шинэ Ерөнхийлөгч маань дунд сургуульд Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөний талаар хичээл оруулахаар зарлиг гаргажээ. Эдгээрийн тухай нийгэм судлалын хичээлээр одоо ч үзэж байгаа шүү дээ. Харин цаг нь их үү, бага уу гэдэг нь л асуудал байх. Суурь нь муу бол тэр барилгын чанар хэр байх нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тиймээс Бүрэн дунд боловсролынхоо системийг юуны түрүүнд өөрчилмөөр санагдаж байна.

Үргэлжлэл бий.
2009 оны 6 дугаар сар 27