Хэрэглээнээсээ орлого нь давж байж л хуримтлал үүсэж баян болох нь тодорхой. Монголын хувьд Гадаад худалдааны бланс ашигтай гарах буюу гадагшаа урсаж байгаа валютаас Монгол уруу орж байгаа валютын хэмжээ их болох үгүй ядаж л адил болсон тэр цагт л Монгол Улс баян болно. Тэгвэл Монголчууд бид гаднаас, бусад улсуудаас хэрхэн яаж, ямар арга замаар мөнгө салгаж авах вэ? Энд мэдээж олон төрлийн арга байж болох ч өөрийн ойлгоцын хүрээн дэх боломжуудыг дурьдая.
1. Төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох
2. Бараа бүтээгдэхүүн экспортлох
3. Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх
4. Шинэ технологи бүтээх
5. Аялал жуулчлалаас мөнгө олох
6. Гадаадад ажиллах хүч гаргах
7. Үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаад улсуудад хүлээн зөвшөөрүүлэх.
Эдгээр боломжуудыг авч үзвэл сүүлийн санаа бол одоогоор, мөн ирээдүйд ч боломжгүй санаа байх л даа. Гэхдээ Нэгдсэн улс болон Европын холбоо, Англи, Япон, Хятад зэрэг улсууд Монголоос цаасан мөнгөөр л хамаг баялагыг маань худалдаж авч байна шүү дээ.
Гадаадад ажиллах хүч гаргах: Энэ бол яг одоо ихэнх Монголчуудын амьдралаа залгуулж, Монголын валютын ханшид нөлөөлж, Улс төрчдийн уйвайгүй бодлогыг бага болов ч хаацайлж байгаа хүчин зүйл юм. Гадаадад ажиллаж байгаа Монголчуудаас энэ хийж байгаа ажлаа Монголдоо очоод ижил цалин аваад хийх үү гэж асуувал мэргэжлээрээ ажиллаж байгаа цөөн хэдэн хүнээс бусад нь юу гэж хариулах бол? Тиймээс гадаадад ажиллах хүч гаргах бол тийм ч явцтай сайн биш арга гэж бодож байна. Аа харин тэр УИХ-ын гишүүн З.Энхболд гуайн сонгууль болохоор л ярьдаг аутсорсинг (бил үү) бол харин боломжтой зүйл санагддаг юм. Харин Энхболд гуай УИХ-д сонгогдчихоороо ярихаа байчихдаг нь жаахан тоогүй хэрэг л дээ. Ялангуяа Ай Ти буюу программчлал бол Монголын талаасаа ч бусад улсуудын компаниудын талаасаа ч хамгийн боломжтой салбар л даа. Программыг Монголд бичих бүр цаашилбал өөрийн гэртээ бичих Гадаад улсад очиж бичих бол чанарын ямар ч ялгаагүй болохоор энэ салбарыг төрийн бодлогын хүрээнд дэмжиж ажиллавал ихээхэн ашигтай санагдаж байна. Мөн гадаадад мэргэжлээрээ ажиллах хараар буюу хууль бусаар ажиллаж амьдрахын ялгааг гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж, мэдэрч байгаа байх. Үүний тулд Боловсорлын салбараа шинэчилж их дээд сургуулиудынхаа дипломыг гадаадад хүлээн зөвшөөрдөг болгох нь чухал шүү дээ.
Аялал жуулчлалаас мөнгө олох: Эндээс мөнгө босгох нь нэлээд боломжтой гэдэг нь зарим нэг гадаад улсуудын ДНБ-нийхээ дийлэнх хэсгийг олдогоос харагдаж байгаа юм. Манай Улс ч энэ тал дээр багагүй санаа тавьж бүр Аялал жуулчлалын жил ч зарлаж байсан удаа бий. Гэтэл Монголын хувьд үзүүлчих юм буюу аялал жуулчлалын бүтээгдэхүүн хомс байдаг бөгөөд хамгийн гол нь Онгоцны тийз өндөр байгаа нь Монголд аялал жуулчлал хөгжихөд нэлээдгүй саад болж байна шүү дээ. Жишээлбэл Японоос Хавай болон Европ яваад ирэх онгоцны тийз 2 талдаа 450$, Хятад, Солонгос, Гуам, Вьетнам, Тайланд, Тайвань гэх зэрэг Азийн улсууд уруу 2 талдаа 100-150$, харин Монгол уруу 2 талдаа 1300$ байна шүү дээ. . Тэгэхээр Япон хүний хувьд үзэх юмгүй Монгол уруу өндөр үнэ төлөөд явах уу, үзэх юм ихтэй орнууд уруу хямд зардалаар явах уу гэдэг нь дэндүү ойлгомжтой биз дээ. Онгоцны зардлаас бус ирсэн хүмүүсийн мөнгийг салгаж авах хэрэгтэй шүү дээ. Бидэнд Чингис гэдэг нэрнээс өөр хүнд үзүүлчих юм үнэхээр алга. Тиймээс энэ салбарыг хөгжүүлж, энэ салбараас мөнгө олъё гэж бодож байгаа бол “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн”тэй болох нь хамгийн чухал. Үгүй ядаж л Социализмын түүхийг харуулсан нэг иж бүрэн музей байгуулчихвал жуулчидад үзүүлэх мөн одоогийн хүүхэд залуучуудад үзүүлбэл сургамжтай бус уу.
Шинэ технологи бүтээх: За да энэ тал дээр ч одоогийн энэ байдлаараа бол бүтэхгүй дээ. Харин Боловсролын салбараа шинэчлэсэний дараагаар л юу юм гэхээс.
Импортын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх: Энэ нь Гаднаас худалдаж авдаг бараа бүтээгдэхүүнийг аль болох л Монголдоо үйлдвэрлэвэл, гадагшаа урсах мөнгө төдий чинээ багасах бөгөөд олон хүнийг ажлын байртай болгох давуу талтай.
Бараа бүтээгдэхүүн экспортлох: Одоо дэлхий дээр хөдөлмөрийн хуваарь нэгэнт тогтчихжээ. Тухайлбал машиныг цөөхөн хэдэн орон үйлдвэрлэж байна, мөн гар утас, электрон болон цахилгаан бараа, эм тариа гээд л... Тэгвэл Монголчууд бид ямар бараа бүтээгдэхүүн экспортлох вэ? Эхний ээлжинд малын гаралтай түүхий эдээ түүхийгээр нь Хятад уруу зөөх биш эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох хэрэгтэй. Гадаадад амьдарч байгаа Монголчууд гадаад хүмүүс оригнал болон чанартай бүтээгдэхүүнд хэр дуртай мөн тэр бүтээгдэхүүн нь хэр өндөр үнэтэй байдгыг сайн мэднэ шүү дээ. Бидэнд байгаа дэлхий сонирхож байгаа хамгийн чухал бүтээгдэхүүн бол ашигт малтмал л байна. Ашигт малтмалыг ашиглахдаа юун түрүүнд байгаль экологын асуудалыг эн тэргүүнд, дараа нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг шаардлага тавиад “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г гадаадын, дотоодын аль ч компанитай байгуулбал Үндсэн хуулийн заалт биелэх байх гэж бодож байна. Энэ талаар саналаа өмнө нь энд бичсэн. Гангийн болон зэсийн үйлдвэртэй болчихвол тэдгээрийг газар дээрээс нь хямдаар авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд олноороо бий болно. Гангийн үйлдвэртэй болвол орон сууц(Сүхбаатарын талбайн өмнө сүндэрлэж байгаа барилгыг төмөрөөр хэрхэн барихыг бид нүдээрээ харсан...), зам гүүр, үйлдвэр завод, машин техникийн эд анги гээд л маш олон бараа бүтээгдэхүүнийг дотооддоо хийх үүд хаалга нэгдэнэ шүү дээ. Хятадад ган хэрэгтэй учраас л Монголоос төмрийн хог болон Төмөртэйн ордыг шороогоор нь зөөж байгаа байх, тиймээс бидэнд зах зээл байхгүй гэх зовлон алга.
Төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох: Энэ талаар дараа үргэлжлүүлье.
2009 оны 8 дугаар сар 4
No comments:
Post a Comment